Орон нутгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд 6 сумын дэд бүтцийг шийджээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-18 17:26:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл”-ийн үр дүнд 2010 оноос хойш зургаан сумын дэд бүтцийг шийджээ.


Монгол Улс, Азийн Хөгжлийн Банктай түншилсний 30 жилийн ойг тохиолдуулан “Орон нутгийн хөгжлийг дэмжих Азийн Хөгжлийн Банкны түншлэл” бүсийн уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр болж, БХБЯ, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн төлөөлөл, Үндэсний хөгжлийн газар, Гаалийн Ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.


БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ, БХБЯ, АХБ-тай хамтран хот байгуулалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх чиглэлээр 1997 оноос хойш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь энэ төсөл юм. 2010 онд 15 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээг үзэглэснээс хойш төслийн үр шимийг зургаан сумын 75 мянган хүн хүртлээ. Хүн амын тоо нэмэгдэн 130 мянгад хүрсэн ч дэд бүтцийн шийдэл хангалттай хүрэхүйц болсноороо ач холбогдолтой. Төслийн хүрээнд гэр хорооллын айл өрх, сургууль, цэцэрлэг бусад байгууллага ус хангамж, ариутгах татуурга, дулааны шугам сүлжээнд холбогдсон. Ингэснээр иргэдийн амьжиргааны нөхцөл, эрүүл ахуй сайжирч, ажил хөдөлмөр эрхлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд зарцуулах цаг хугацаа, орчин нөхцөл бий болгож чадсан үр дүнтэй төсөл гэж онцлов.


Төслийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2016, 2018 онд АХБ-наас нэмэлт санхүүжилт авч Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг есөн аймгийн төвд цэвэрлэх байгууламж шинээр барихаар төлөвлөснөөс тавыг нь дуусгажээ.


Эдгээр байгууламжийг монгол инженерүүдийн зохион бүтээсэн зургаар барьж, байгальд хор нөлөөгүй, цэвэрлэгээ хийх технологийн шийдэл нь үр дүнтэй болжээ. Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг үндэсний барилгын компаниуд гүйцэтгэж байгааг БХБ-ын яамнаас мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ