Нүхэн жорлонд ашигтай бактери хийн, бохирыг бордоо болгож байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-18 14:18:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр нүхэн жорлонгуудад найман омгийн 40 гаруй ашигтай бактери хийснээс хойш 17 хоногийн дараа бодит байдалтай танилцлаа.


Энэ ашигтай бактери нь хөрсний бохирдлыг арилгах, шээсний хүчлийг задлах, үнэр дарж, халдваргүйжүүлэхээс гадна хөрсний бордоо болох давуу талтай юм.


Гандангийн дэнж орчим нь нийслэлийн хамгийн урт хугацаанд суурьшсан бүсийн нэг бөгөөд хөрсний бохирдол нь 2-3 дахин нэмэгдээд байгаа. Нүхэн жорлондоо ашигтай бактери хийлгэсэн Баянгол дүүргийн 16-р хорооны иргэд “Үнэр мэдэгдэхүйц арилж, ялаа батгана шавахаа больсноос гадна бохир соруулах хугацаа ч уртассан”-ыг ярьжээ.


Ашигтай бактери хийснээс хоёр сарын дараа нүхэн жорлон дахь бохир хөрсөнд ашигтай бордоо болохыг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр онцолсон юм.


Гэр хорооллын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой. Ялангуяа нүхэн жорлон орчмын тав хүртэлх метрийн радиуст хөрсний нийлмэл бохирдлын индекс их гарчээ. Иймд Улаанбаатар хотын гэр хороолол дахь 196 мянган нүхэн жорлонд ашигтай бактери хийж, стандартын шаардлага хангасан нүхэн жорлонгоор солих, хуучин нүхийг ариутгаж, халдваргүйжүүлэх аж.


Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тавдугаар сарын 26-нд Гандантэгчэнлин хийдэд ажиллах үеэрээ тухайн бүсийн хөрсний бохирдлыг багасгах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг эхлүүлээд байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Холбоотой мэдээ