Гадаадад буй иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар ХЭҮК-той ярилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-14 14:59:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүдийг хүлээн авч уулзав.


Уулзалтаар, хилийн чанадад амьдарч, ажиллаж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах талаар ярилцав. Сайд Б.Батцэцэг коронавируст халдварын цар тахлын амаргүй нөхцөл байдлын үед хилийн чанадаас эх орондоо эргэн ирэх хүсэлтэй иргэдийг үе шаттай татан авах, дэмжиж туслах чиглэлээр тус яамнаас авч хэрэгжүүлсэн, цаашид төлөвлөж буй ажлын талаар танилцуулав. Мөн Дэлхийн монголчууд-II зорилтот хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд ХЭҮК-той хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.



Уулзалтаар мөн гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэд, хилийн боомтын бүсэд тээвэр гүйцэтгэж байгаа жолооч нарын нөхцөл байдлын талаар санал солилцов. Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдэд чиглэсэн сургалт зохион байгуулах, хууль зүйгээр зөвлөгж туслах боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.



Холбоотой мэдээ