Нийслэлийн гэр хорооллын төслийн баг Дарханд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-23 00:36:21

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, “Хот төлөвлөлтийн хүрээлэн”-гийн мэргэжилтнүүдтэй хамтарч Дархан хотын хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх таван томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд өчигдөр Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн ажилтнууд Дархан-Уул аймагт ажиллаж аймгийн удирдлагуудтай уулзалт хийв. Уулзалтаар тус аймгийн гэр хорооллыг дахин төлөвлөх, дэд бүтцээр хангах боломж зэрэг хотын хөгжлийн орхигдсон сэдвийг хөндөж ярилцлаа.

Түүнчлэн зогсонги байдалд буй хэд хэдэн үйлдвэрийн барилгын ажлыг үргэлжлүүлж ажлын байр бий болгож улмаар АХБ-ны төсөл, хөтөлбөрт хамрагдах боломжуудын талаар санал солилцлоо. Улаанбаатар хот нь 2014 оноос “Азийн хөгжлийн банк”-тай хамтарч гэр хорооллыг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төслийг аль ч хотод хэрэгжүүлэхдээ тодорхой шалгуур тавьдгийг дээрх төслийн багийн ахлагч Ройстон Брокман онцолж байв.

Тэрбээр энэ удаа хамгийн түрүүнд яригдсан төслүүдийг “Азийн Хөгжлийн банк”-аар хэлэлцүүлж үнэлгээ хийлгэх юм.

Ингэснээр гадны хөрөнгө оруулагчидтай хамтарч хэрэгжүүлэхээр  яригдсан асуудлуудыг үр дүнтэй болгох боломж нээгдэнэ гэж аймгийн Засаг дарга ярилаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ