Саналын хуудас, санал тоолох болон бүртгэлийн төхөөрөмжийг хэсгийн хороодод хүлээлгэн өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-06-04 18:11:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо, Мэдээлэл технологийн багаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн саналын хуудас, санал тоолох болон бүртгэлийн төхөөрөмж, сонгуулийн зохион байгуулалтад шаардлагатай бусад зүйлсийг хэсгийн хороодод энэ сарын 3-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.

Аймгийн сонгуулийн хорооны мэдээлснээр Дархан-Уул аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх 69970 сонгогч байна. Санал өгөх үеэр саналын хуудсыг хүчингүй болгох, буруу тэмдэглэх зэрэг асуудал гардаг учир бүртгэлтэй санал өгөх иргэдийн тоонд харьцуулан тодорхой хэмжээний нөөцтэйгээр саналын хуудсыг хэвлүүлж хэсгийн хороодод хүргүүлдэг ажээ.

6 дугаар сарын 2-ны өдөр камерын нэгдсэн системд холбогдох 728 хэсэгт туршилт хийсэн байна. Пүрэв гарагт сонгуулийн бүх хэсэгт сонгогчдын ирцийн мэдээ дамжуулах, хүлээн авах, нэгтгэх туршилт явуулсан аж. Маргааш 12:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг Сонгуулийн Ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс өгсөн зааврын дагуу санал тоолох төхөөрөмжийн өгөгдөл дамжуулах туршилт явуулна. 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажлыг зохион байгуулах ажээ.

2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар нийт 40 хэсгийн хороо Дархан-Уул аймгийн хэмжээнд ажиллана. Энэ жилийн сонгуулийн нэг онцлог нь бүх хэсгийн хороонд хяналтын камер байршуулжээ.

Холбоотой мэдээ