Мьянмар:Хөдөөний цэргүүдийн эсрэг хотын Z үеийнхэн

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2021-05-18 15:52:03

Мьянмар улсад 2 дугаар сарын 1-ний өдөр гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцэж буй олон нийтийн жагсаал цуглаан өнөөдрийг хүртэл үргэлжилж, эсэргүүцлийг дарахын тулд цэргийнхэн зэвсэг хэрэглэсний улмаас 774 хүн амиа алдсан тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдлээ. Түүнчлэн хунтынхан 3700 гаруй хүнийг баривчилсан бөгөөд тэднийг цагдан хорьж буй нөхцөл байдлын тухайд санаа зовниж байгаагаа НҮБ илэрхийлжээ.


Мьянмарт 1988 оноос хойш болоогүй өргөн хүрээтэй эсэргүүцлийн ажиллагааг дарахын тулд цэргийн хунтынхан энгийн номхон иргэдэд маш хэрцгий догшин хандаж буйн учир шалтгаан юунд вэ? Тус улсын худалдаа-бизнесийн нийслэл гэгддэг Янгон хотод 12 жил амьдарсан Оросын сэтгүүлч Петр Козьма үүнийг доорх байдлаар тайлбарлаж байна.


Түүний ярьснаар, цэргийнхний харгис хэрцгий хандлага нь хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй бөгөөд хамгийн гол нь Мьянмарын арми тус улсын хил орчмын мужуудад дэгдсэн үндэсний цөөнхүүдийн салан тусгаарлах хөдөлгөөнийг дарахын тулд олон жил дайтсантай холбоотой ажээ


Угсаатны бүтцийн хувьд Мьянмарын хүн амын 2/3 нь уугуул бирмчүүд бол үлдсэн нь үндэсний цөөнхүүд. 1948 онд тухайн үед Бирм гэгдэж байсан энэ улс тусгаар тогтнолоо дөнгөж зарласны дараа иргэний дайн дэгдсэн байна. Уг дайнд тус улсад амьдардаг 130 гаруй жижиг үндэстэн ястнууд татагдан орсон бөгөөд дайн нэг үе намжиж, хэсэг хугацааны дараа дахин ширүүсэх байдлаар 60 гаруй жил үргэлжилжээ. Ийм удаан хугацаанд зэвсэгт мөргөлдөөн болж байсан учраас тус улсад цэргийнхэн маш их хүч нөлөөтэй байх нь аргагүй. Энэ тухайд цэргийн эргэлтийг удирдсан хунтын толгойлогч генерал Мин Аун Хлаин хэлэхдээ “Мьянмарын түүх бол Зэвсэгт хүчний түүх, Зэвсэгт хүчний түүх бол Мьянмарын түүх” гэж хэлсэн нь бий.

Иргэний дайн 2012 онд зогссон боловч хил орчмын нутгууд дахь үндэсний цөөнхүүд өөрсдийн зэвсэгт отрядуудыг татан буулгаагүй байна. Мөн 2015 онд Гал зогсоох тухай гэрээ байгуулсны дараа ч гэсэн зэвсгээ хураалгасангүй. Салан тусгаарлагчдын зарим отряд алдарт “Алтан гурвалжин”-д хамаарах Тайланд, Хятадтай залгаа хилийн бүсэд хар тамхины үйлдвэрлэл, наймааг хянаж байдаг аж. Харин Мьянмарын арми хил орчмын томоохон хотууд ба гол автозамуудыг хяналтандаа байлгаж байгаа боловч салан тусгаарлагчдын сайтар зэвсэглэсэн отрядууд, партизануудыг буулган авч чадахгүй байгаа юм. 


Шан, чин, качин, карен зэрэг омгуудын томоохон зэвсэгт бүлэглэлүүд, түүнчлэн Ракхайн муж дах Араканы армийнхан цэргийн эргэлтийг буруушааж, хунтыг эсэргүүцэн тэмцэж буй хүмүүсийг өөрсдийн хяналтан дахь нутаг дэвсгэртээ байлгаж, хамгаална гэдгээ мэдэгджээ. Тухайлбал, Мьянмарын парламентын гишүүдээс бүрдсэн “хөөгдмөл засгийн газар” гэхэд Карены Ардын чөлөөлөх армийн хяналтанд байгаа нутагт үйл ажиллагаа явуулж байна. Цэргийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан өнөөдөр зэвсэгт тэмцэл болон хувирлаа. Мьянмарын гоо бүсгүйгээр шалгарч байсан эмэгтэй уг тэмцэлд нэгдэж байгаагаа сошиал хуудсандаа мэдээлээд автомат буу үүрсэн зургаа нийтэлжээ. Энэ бүхний хариуд Мьянмарын арми тухайн бүс нутагт агаарын цохилт өгсний улмаас олон мянган каренчууд хөрш Тайланд руу дүрвэсэн байна.


Захиран тушаах аргаар иргэдтэй харьцдаг цэргийнхэн


Британийн колончлогчид Бирмээс гарч явахынхаа өмнө үндэсний цөөнхүүдэд тусгаар тогтнол, автономит эрх олгоно гэж амласан нь шинэ залуу улс байгуулагдсаны дараа салан тусгаарлах үзлийг дэвэргэсэн байна. Партизануудын эсрэг тулалдаж буй Мьянмарын армийн залуу цэрэг, офицерууд алба хааж эхлэнгүүтээ л салан тусгаарлагчдын дайсагнасан хүрээлэлд орж ирдэг учраас эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчидтой дайны цагийн хэлээр яриад сурчихжээ. Өөрөөр хэлбэл, армийнхан нийгмийн харилцааг хуарангийн зарчмаар зохицуулахыг оролдсоор байна. Цэргийнхэн зөвхөн захиран тушаах, айлган сүрдүүлэх арга барилаар ард иргэдтэй харьцдаг учраас нэр хүнд муутай байдаг, сонгуульд ялагддаг нь гайхахаар зүйл огт биш. 

Нөгөөтэйгүүр, жагсаал цуглаанд оролцогчдод цэргийнхэн хэрцгий хандаж нь нийгмийн тэгш бус байдалтай ч мөн холбоотой гэдгийг П.Козьма онцоллоо. Учир нь, цэргүүдийн ихэнх нь ядуу тосгодоос ирсэн залуучууд бөгөөд Мьянмарын хэмжүүрээр баян чинээлэг хот болох худалдааны нийслэл Янгонд хөл тавьсан тэд “тарган цатгалан” хотын иргэдэд зэвүүцэн атаархдаг болой. Жишээ нь, эсэргүүцэгчдийн босгосон хаалт бэхлэлтийг нураан зайлуулж буй бульдозерын жолооч ямар ч бэхлэлтгүй газраар явж байхдаа ч гэсэн замын хажуугийн зогсоол дээрх автомашинуудыг зориуд санаатайгаар эвдлэн сүйтгэнэ. Тэрбээр тосгоноос цэрэгт дайчлагдсан залуу бөгөөд хэзээ ч ийм гоё машинтай болохгүй гэдгээ сайн мэднэ.


Z үеийнхэн


Цэргүүд, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэж буй хүмүүсийн ихэнх нь залуучууд, амиа алдагсдын ихэнх нь мөн залуучууд.

П.Козьма ярихдаа “Би тэдэнтэй ярилцаж үзсэн. Тэдний ихэнх нь Z үеийнхэн буюу дөнгөж 20 гарч яваа залуус. Амьдралын талаарх тэдний төсөөлөл тун энгийн. Тэд өмнөх цэргийн дарангуйллыг сайн мэдэхгүй, тэдний хувьд цэргийн дарангуйлал гэдэг бол ямар ч гэрэл гэгээгүй ирээдүй, ядуу хоосон амьдралын он жилүүд гэсэн үг. Харин тэд бол ирээдүйд тэмүүлсэн хүмүүс шүү дээ” гэлээ. Z үеийнхэнтэй уулзсан Оросын сэтгүүлчийн хувьд олон залуус үхлийн айдсыг дарах “драйв”-ыг эрж хайн гудамжинд гарсан мэт санагдсан гэнэ. “Тэдний олонх нь өөрсдийг нь алж хөнөөчихнө гэдэгт төдийлөн итгэхгүй байх шиг. Тэд компьютерийн эрин үеийнхэн бөгөөд өөрсдөд нь дахиад нэг нөөц амь бий гэж бодож байж ч магадгүй” хэмээн Козьма ярилаа. 


Асуудал үүсгэсэн Үндсэн хууль


Сүүлийн 5 жил гаруйн турш Мьянмарт явуулж буй ардчилал тогтоох туршилтыг цэргийнхэн  зогсоолоо. Ийм эрхийг тэдэнд 2008 оны Үндсэн хуулиар олгосон юм. Уг хуулиар засаглалын тогтолцоон дахь цэргийнхний давуу байдлыг баталгаажуулсан бөгөөд тэд ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр онц байдал тогтоох эрхтэй. Түүнчлэн санал хураалтын дүнгээс хамаарахгүйгээр парламентын хоёр танхим дахь нийт суудлын ¼ нь цэргийнхэнд шууд ногддог ба ерөнхийлөгч ба хоёр дэд ерөнхийлөгч гэсэн 3 албан тушаалын нэгэнд нь өөрсдийн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Мөн цэргийн дээд удирдлагынхан халдашгүй дархан эрх эдэлнэ.  


Түүнээс гадна, Үндсэн хуульд зааснаар “Ардчиллын төлөөх Үндэсний лиг” намын удирдагч Аун Сан Сү Чи төрийн өндөр албан тушаал хаших эрхгүй болжээ. Учир нь, төрөл төрөгсөд нь гадаадын иргэн болсон улстөрчид ийм албан тушаал хашиж болохгүй гэсэн заалт Үндсэн хуульд бий. Энэ дагуу британи нөхөртэй, хүүхдүүд нь гадаад улсын иргэд болсон Сү Чи төрийн өндөр дээд албан тушаал хаших ёсгүй юм. 


Гэсэн хэдий ч дээрх заалт нь төрийн зөвлөх гэдэг албан тушаал хашихын зэрэгцээ улс орноо де-факто удирдахад нь Сү Чи-д саад болсонгүй. Ерөнхийд нь ажвал, Үндсэн хууль цэргийнхэн төдийгүй Сү Чи-гийн санаанд нийцэж байсан бололтой. 2018 онд Сү Чи ярихдаа “генералууд бол тун дажгүй хүмүүс юм” гэсэн бол харин Мьянмарын сөрөг хүчнийхэн Сү Чи-г “ардчилалд шилжихэд учирч буй садаа” гэж тодорхойлсон нь бий.  


Эргэн сануулахад, 2016 онд армийн шалган өнгөрүүлэх цэгүүд рүү зэвсэгт этгээдүүд дайрсны хариуд цэргийнхэн лалын шашинт рохинжа үндэстний эсрэг залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулсны улмаас 700 мянга гаруй рохинжачууд хөрш Бангладеш руу зугатан дүрвэсэн юм. Барууны орнууд Мьянмарын армийн энэ ажиллагааг “геноцид” хэмээн зэмлэн буруушаажээ.

Харин ардчилагч Сү Чи энэ дүгнэлтийг эрс няцаасан байна. 2019 оны сүүлчээр НҮБ-ын Олон улсын шүүхэд болсон сонсголын үеэр тэрбээр армийн явуулсан ажиллагааг зөвтгөж, зэвсэглэсэн үймээн дэгдээгчдээс хамгаалахын тулд аргагүйн эрхэнд авсан арга хэмжээ гэж тайлбарлаж байлаа. Энэ үеэс хойш барууныхан Нобелийн шагналт Сү Чи-г М.Ганди, М.Лютер Кинг, Нельсон Мандела нартай адилтган үнэлэхээ больсон юм. Харин лалынхны тэлэлтээс болгоомжилж буй Мьянмарын үндэсний олонх болох буддын шашинт бирмчүүд Сү Чи-гийн энэхүү эх оронч үзлийг уухайлан дэмжлээ. Барууныхан шүүмжлэх тусам түүний нэр хүнд эх оронд нь улам өссөөр. Учир нь, өөрсдийг нь шүүмжлэх, зааж зааварлахад мьянмарчууд тун дургүй гэнэ.  


Kозьма-гийн ярьснаар бол тус улсад Хятадын тал баримталсан эсвэл Хятадын эсрэг үзэл бодолтой, барууны талыг баримталсан эсвэл барууныг эсэргүүцсэн улстөрч огт байдаггүй бөгөөд Мьянмарын улстөрчдийн онцлог гэвэл, гадаад улсуудыг баримжаалж дагах гэсэн хандлагыг огт гаргадаггүй аж. Сү Чи-гийн үндэсний үзэл ихээхэн дэмжлэг хүлээдэг нь үүнтэй холбоотой.


Нөгөөтэйгүүр “Сү Чи бол бидний цорын ганц итгэл найдвар” гэсэн зурагт хуудас барьсан жагсагчид түүнийг суллахыг шаардаж байгаа боловч үнэн хэрэгтээ түүнийг тэргүүлэх үүрэг рольтой болчихоосой гэж бүгдээрээ хүсэхгүй байгаа гэдгийг хунтын шоронд 10 гаруй жил хоригдсон улстөрч Кин Зо Вин хэллээ.  Хаалт бэхлэлт босгон цэргийнхэнтэй тулалдаж буй залуусын хувьд Сү Чи бол “үлэг гүрвэлийн үеийн хүн” гэдгийг П.Козьма дурдлаа. 


Хятадын нөлөө


Сү Чи буцаж ирэх нь бүс нутгийн гол тоглогч болох Хятадын санаанд бүрнээ нийцнэ. Ракхайн мужид болсон хэрэг явдлын дараа барууныхан Сү Чи-д шахалт үзүүлж эхэлснээс хойш түүний бодол санаа Хятадын зүгт эргэжээ.


Ардчиллын төлөөх Үндэсний лиг намыг санхүүгийн хувьд дэмжиж ирсэн бизнес эрхлэгчид Хятадын олон тооны төслийн хүрээнд туслан гүйцэтгэгчийн хувиар ашиг унац ихтэй ажлуудыг олж авсан. Хятадын хувьд Сү Чи болон түүний нам бол цэргийнхнийг бодвол илүү найдвартай, зангийг нь мэдэх түншүүд юм. Гэтэл цэргийнхэн Хятадтай холбоотой олон гомдол гаргадаг. Тухайлбал, Хятадтай залгаа хилийн дагуу байрлаж буй салан тусгаарлагчдын бүлэглэлүүдэд зэвсэг нийлүүлж байна гэж хятадуудыг буруутгадаг. 


Сүүлийн жилүүдэд Хятад-Мьянмарын эдийн засгийн харилцаа маш хурдтай өргөжиж байна. 2017 онд хоёр улсыг холбосон 1500 км урт нефть дамжуулах хоолой төлөвлөсөн хугацаанаас хэдэн жилийн өмнө ашиглалтанд оржээ. “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хятадууд Ракхайн муж дахь боомтод хөрөнгө оруулж, тэндээс улсынхаа хил хүртэл төмөр зам тавихаар төлөвлөж байна.  

Мьянмарт болж буй үйл явдал бол тус улсын дотоод хэрэг гэж Бээжин мэдэгдэхийн сацуу Оростой хамтран НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Мьянмарын асуудлаар гаргах аливаа шийдвэрт хориг тавьж байгаа нь цэргийн дэглэмийг эсэргүүцэгчдийн дунд Хятадын эсрэг санаа бодлыг төрүүлж байна. Улмаар Мьянмарын генералуудын эсрэг НҮБ-аас хориг тавихгүй гэдэг нь ойлгомжтой болонгуут Хятадын хөрөнгө оруулагчид руу дайрч, үйлдвэрийг нь шатаасан хэрэг гарчээ.


П.Козьма-гийн үзэж байгаагаар, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх ОХУ-ын байр сууриас шалтгаалаад Оросын бизнесийнхэн рүү ч гэсэн иймэрхүү дайралт ирж магадгүй, гэхдээ Мьянмар дахь Оросын эдийн засгийн оролцоо тун бага бөгөөд үндсэндээ цэрэг-техникийн хамтын ажиллагаагаар хязгаарлагдаж байна.  


Эцэст нь П.Козьма-гийн дүгнэн хэлснээр, цэргийнхэн Засгийн эрхийг зүгээр нэг тавиад өгчихгүй. "Яг үнэндээ бол цэргийнхэн гэдэг нь зөвхөн арми гэсэн үг биш. Энэ бол ядуу буурай улс доторх бас нэгэн улс юм. Цэргийн алба хаагчдын хувьд, нийгмийн баталгаагаар найдвартай хангагдаж, тэдний гэр бүлийн гишүүд нь томоохон корпорациудад тогтвортой ажил эрхэлдэг. Иймээс цэргийнхний дунд үймээн самуун, хагарал гарна гэж ойлголт үгүй. Тэд эцсээ хүртэл үзэлцэнэ гэдэг нь одоо нэгэнт ойлгомжтой”.


Б.Адъяа

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/features-56649445

  

 

 

 

 

Холбоотой мэдээ