"Рысжан" компани өнгөрсөн онд 1 тэрбум төгрөгийн татвар төлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-12 15:26:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг тохиолдуулан 2020 оны аймгийн "Шилдэг татвар төлөгч" иргэн, байгууллагуудыг шалгарууллаа.

Шилдгүүдийн шагнал болох цом, батламжийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр гардуулж өгөв.

Өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсөвт 1 тэрбум 16 сая төгрөг төвлөрүүлсэн амжилтаар газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг "Рысжан" компани шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг тэргүүлжээ.

Удаах байрт 305,4 сая төгрөгийн татвар төлсөн зам, гүүрийн "Жол" компани, 303 сая төгрөг төлсөн дулааны эрчим хүч үйлдвэрлэгч "Эрчинбаян Өлгий" компаниуд оржээ.

Харин шилдэг татвар төлөгч иргэдийг и-баримт олголтоор шалгаруулсан бөгөөд Т.Көпжасар, З.Хажет, Б.Тегис нар шалгарсан байна.

Ташрамд сануулахад, аймгийн татварын байгууллага 2020 онд улсын болон орон нутгийн төсөвт 12,2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 13,3 тэрбумыг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 109,1 хувиар давуулан биелүүлсэн ажээ. 

Холбоотой мэдээ