Г.Ганболд: Тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын төмөр замтай идэвхтэй хамтран ажиллана

УБТЗ ӨНӨӨДӨР
khandmaa@montsame.gov.mn
2021-05-12 11:21:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд Дорнод Сибирийн төмөр замын "Восточно Сибирский путь" сонины №53-т өгсөн ярилцлагыг толилуулж байна. 

  

         -1949 оноос хойш түүхэндээ анх удаа буюу 2020 онд хамгийн их ачаа тээвэрлэсэн байна. Яаж ийм их ачаа тээвэрлэсэн талаараа тодруулж ярина уу?

       -УБТЗ нь 25 сая тонн ачаа тээх хүчин чадалтайгаас 2020 онд бүхий л нөөц бололцоогоо ашиглан 30 сая тонн ачаа тээвэрлэсэн түүхэн дээд амжилтыг тогтоосон. Тээвэрлэлтийг дотор нь задалж үзвэл, экспортоор 11.4, транзитаар 4.2 сая тонн ачаа тээвэрлэж, үлдсэн нь орон нутаг, импортын ачаа тээвэрлэв. Хэдийгээр 2020 оны эхээр дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал дэгдэж, улс орнуудын Засгийн газрууд хязгаарлалт, халдвар хамгааллын олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь хилийн төмөр замын үйл ажиллагаанд тодорхой хүндрэл, бэрхшээл учруулсан боловч бид Орос, Хятадын төмөр замуудтай нягт хамтран ажиллаж, тухай бүрт нь шаардлагатай арга хэмжээ авч хамтын хүчээр төмөр замын олон улсын харилцааны тээврийн тасралтгүй байдлыг ханган ажилласан.


        УБТЗ-аар тээвэрлэдэг ачааны багагүй хэсгийг БНХАУ руу чиглэсэн экспортын болон дамжин өнгөрөх ачаа эзэлдэг. Иймд тээврийн хэмжээ нь Хятадын төмөр замын Эрээн өртөөний галт тэрэг хүлээн авах хүчин чадал, тээвэр зохион байгуулалтаас ихээхэн хамааралтай. Өнгөрсөн онд 30 сая тонн ачаа тээвэрлэж чадсан нь “Хятадын төмөр замууд” корпорац, түүний харьяа Хөх хотын төмөр замын компанитай идэвхтэй хамтран ажиллаж, Эрээн өртөөний хоногт хүлээн авдаг галт тэрэгний тоог 12 байсныг 14 болгон нэмэгдүүлж тогтмолжуулсантай холбоотой.


        Мөн бид зөвхөн дээрх гадаад хүчин зүйлээс гадна тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхэд өөрсдөөс хамаарах олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, шинэ зүтгүүрүүд худалдан авсан, ачааны вагонууд түрээсэлж тээвэрт ашигласан, өртөө, зөрлөгүүдийг өргөтгөсөн, хилийн Сүхбаатар, Замын-Үүд өртөөдөд шинээр зам нэмж барьж хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн, тээвэр зохион байгуулалтыг боловсронгуй болгосон зэргийг дурдаж болно. Энэ их ажлыг бид “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 16 мянга гаруй ажилтан, түүний дотор ОХУ-ын мэргэжилтнүүдийн мэргэжлийн өндөр ур чадварын хүчээр хийж гүйцэтгэлээ.


          -УБТЗ-аар дамжин өнгөрөх транзит тээвэр Эрээн өртөөний хүчин чадлаас хамаарч тодорхой хязгаарлалттай байдаг. Хойшид Хятадын төмөр зам  болон УБТЗ-ын хооронд ямар нэгэн хийхээр төлөвлөж байгаа ажил байгаа юу?


         -Эрээн өртөөний хүчин чадлаас шалтгаалан өнөөдөр бид дамжин өнгөрөх болон экспортын тээврийн захиалгын дөнгөж 50 хүрэхгүй хувийг хангаж байна. Иймд тус өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг бид “Хятадын төмөр замууд” корпорац, Хөх хотын төмөр замын компанид байнга тавьж ирсэн. Компани хоорондын түвшинд шийдэхэд хүндрэлтэй байгаа тул бид өөрийн улсын Зам, тээврийн хөгжлийн яам зэрэг төрийн байгууллагад уламжлан Хятадын талын холбогдох төрийн байгууллагуудтай яриа хэлэлцээ хийж ирсэн. Улаан-Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Жинин чиглэлийн төмөр зам нь Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын төмөр замын төв коридор юм. Төв коридорыг хөгжүүлэх, шинэчлэх асуудлаар гурван улсын холбогдох төрийн байгууллагуудаар ахлуулсан механизм ажилладаг. Энэ механизмын хүрээнд төв коридорын асуудлыг цогцоор нь шийднэ гэж найдаж байна. Ингэснээр бид дамжин өнгөрөх болон экспортын ачааны захиалгыг бүрэн хангах боломжтой болно.



         -Ачааны төмөр утсан бэхэлгээг сүлжмэл даавуун материалаар хийсэн бэхэлгээгээр солих ажлыг тохирох асуудал нь УБТЗ-ын тээвэрт ямар үр дүнтэй байна вэ? 


-ОХУ-аас Монгол Улсын нутгаар дамжин БНХАУ руу тээвэрлэгдэх мод, модон материалыг төмөр утсан бэхэлгээний оронд сүлжмэл даавуун материалаар бэхлэх асуудлыг 2020 онд РЖД-ээс бидэнд санал болгосон. Энэ ажлын хүрээнд 60 гаруй вагоныг туршилтаар тээвэрлэсэн бөгөөд тээвэрлэлтийн явцад хэд хэдэн удаа ачаа гүйсэн тохиолдол гарсан. Бэхэлгээний энэ төрлийг манай холбогдох төрийн байгууллагаас баталдаг аюулгүй байдлын стандартын шаардлагад нийцүүлэх, мөн ачааг хүлээн авагч Хятадын төмөр замтай бас тохиролцох шаардлагатай. Иймд бид холбогдох техникийн асуудлыг шийдвэрлэх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр ажиллаж байна.


         -УБТЗ-д опен топ чингэлгээр нүүрс тээвэрлэх технологи хэрхэн хөгжиж байгаа, уг тээвэрлэлттэй холбоотой ямар хүндрэл гарч байна вэ?


         -УБТЗ-аар 2020 оны нэгдүгээр сараас хойш 35 тоннын даацтай 20 футын дээвэргүй чингэлэг буюу опен топ чингэлгээр туршилтын журмаар БНХАУ руу нүүрс тээвэрлэж эхэлсэн. Одоогоор УБТЗ-ын Олон-Овоо, Чойр  өртөөнөөс Хятадын төмөр замын Эрээн, Улаанцав өртөө рүү нийт 5556 чингэлгээр 175000 тонн экспортын нүүрс тээвэрлэсэн байна. Энэ тээврийн гол давуу тал нь Эрээн өртөөнд чингэлгээс нүүрсийг талбайд буулгахгүйгээр Хятадын төмөр замын вагонд шилжүүлэн ачиж байгаа нь буулгалтын хугацааг хэмнээд зогсохгүй хөдлөх бүрэлдэхүүний эргэлтийг сайжруулж байгаа юм.

          Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Монгол Улсаас  экспортлох нүүрсийг далайд гаргах гарцыг бий болгох зорилгоор холбогдох албаны хүмүүсийн хамт тус улсын Хэбэй мужийн Цаофэйдянь боомтод зочилж уг асуудлаар ярилцсан байдаг. Ерөнхийлөгчийн санаачилга бодит ажил болж 2021 оны хоёрдугаар сарын 4-нд коксжих нүүрс ачсан 100 чингэлэг бүхий 50 вагонтой галт тэрэг Цаофэйдянь боомтод амжилттай хүрсэн. 


Цаашид бид уг тээврийг тогтмолжуулахад шаардлагатай хүндрэл, техникийн зарим асуудлыг шийдвэрлэхээр Хөх хотын төмөр замтай үргэлжлүүлэн ажиллана.


        -Саяхан Дорнод Сибирийн төмөр зам болон УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга нарын зөвлөгөөны үеэр Наушки-Сүхбаатар хилийн өртөөдийн ажлын уялдаа холбоог сайжруулах талаар ярьсан.  Тэнд ямар хүндрэлүүд байгаа, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?


       -УБТЗ болон Дорнод Сибирийн төмөр замын нэгдүгээр орлогч дарга нар улиралд нэг удаа хилийн өртөөдийн үйл ажиллагааг дүгнэх уулзалт хийдэг уламжлалтай. Үүний дагуу, энэ оны хоёрдугаар сард ажлын хэсгүүд хилийн өртөөдийн ажлын уялдаа холбоо, галт тэрэг солилцоог сайжруулах, зүтгүүрийн эргэлтийг хурдасгах, гарч байгаа техникийн болон коммерийн зөрчлийг багасгах, шийдвэрлэх, цахим мэдээлэл солилцоог бүрэн ашиглах зэрэг асуудлаар ээлжит цахим хурлаа хийж, хамтран тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Тухайлбал, 2021 оны хоёрдугаар сард  Сүхбаатар өртөөнөөс Наушки өртөөнд 199 галт тэрэг хүлээлгэн өгснөөс 125 галт тэргийг хүлээн авах замгүй, гааль хяналтын байгууллага саатуулсан зэрэг шалтгааны талаар ярьж тодруулан хойшид алдааг дахин давтан гаргахгүй байх талаар хилийн өртөөдийн ажлыг сайжруулах үүрэг чиглэл өглөө. Ташрамд дурдахад, УБТЗ-ын I орлогч дарга И.В Милостных өмнө нь Дорнод Сибирийн төмөр замд ажиллаж байсан, удирдан зохион байгуулах өндөр чадвартай, төмөр замын мэргэжилтэн бөгөөд энэ нь бидэнд тус төмөр замтай үр дүнтэй хамтран ажиллаж, асуудлыг шуурхай шийдвэрлэхэд маш их тус болдог.


          -2021 онд УБТЗ юу хийхээр төлөвлөж байна вэ?

       -"Улаанбаатар төмөр зам" ХНН нь Монгол-Оросын найрамдлын бэлгэ тэмдэг, хоёр улсын Засгийн газрын хамтарсан цорын ганц байгууллага юм. Энэ онд Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож буй. Иймд бид энэхүү түүхт ойн хүрээнд тээвэр үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын өндөр амжилт үзүүлэх зорилготой байна.

        Нийгэмлэгийн төсөв, санхүү, тээвэр үйлдвэрлэл, үйл ажиллагаатай холбоотой бүхий л томоохон шийдвэрийг Ерөнхий хороонд танилцуулж батлуулснаар хэрэгжүүлэх боломжтой болдог. Ерөнхий хороог Монголын талын гурав, Оросын талын гурван гишүүн бүрдүүлдэг бөгөөд Ерөнхий хорооны дарга, орлогч дарга, гишүүд бидний ажлыг үргэлж дэмжиж шаардлагатай шийдвэрүүдийг цаг тухайд нь гаргаж өгдөг учраас 2021 оны зорилтыг амжилттай биелнэ гэж итгэж байна. 2021 онд бид дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, тээвэр зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр Хятадын төмөр замтай үргэлжлүүлэн идэвхтэй ажиллаж, бүхий л нөөц боломжоо ашиглан Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх ачааны хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллана. Дохиолол холбооны СИРДП-Е системийн ашиглалтыг жигдрүүлэх, өртөөдийг диспетчерийн төвлөрүүлэлтэд оруулах, галт тэрэгний зурмагийг бүрэн автоматжуулах, ачаа болон зорчигч тээврийн цахим системийг хоёр хөрш орны төмөр замуудын програм хангамжтай бүрэн холбох зэрэг олон төлөвлөж байгаа ажил бий.

Мөн бүтээн байгуулалтын чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас өгч буй үүргийн дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн шинээр баригдаж буй төмөр замын дээд бүтцийн барилгын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах, өөрийн 80 км гол замд их засварын ажил хийх, нэг зөрлөг шинээр барьж, зургаан зөрлөг өргөтгөх гээд их ажил хүлээж байна. Үүний хажуугаар бид ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг орхигдуулалгүй байнга шийдвэрлэж ирсэн. Ажилтнууд маань нийгмийн асуудалдаа санаа зовохгүй байснаар хариуцсан ажлаа үр бүтээлтэй, хариуцлагатай гүйцэтгэж,  төмөр замын тээврийн тасралтгүй байдал хангагдах, бүтээн байгуулалтын ажлууд чанартай, түргэн шуурхай хийгдэх боломжтой. Тухайлбал, өнгөрсөн онд бид Мааньт, Бэлэндалай өртөөдөд нийт 48 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан бол, энэ онд Салхит зангилаанд 40 айлын орон сууц, Улаанбаатар, Сайншанд зангилаадад нийт хоёр цэцэрлэгийн барилга барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа.

Холбоотой мэдээ