Бельгид хөл хориог сулруулах “зуны төлөвлөгөө” танилцуулжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-05-12 10:54:48

БРЮССЕЛЬ. /Xinhua/. Бельгид коронавирусний халдварын улмаас тогтоосон хөл хориог ирэх зургаадугаар сарын 9-нөөс үе шаттайгаар сулруулах “зуны төлөвлөгөө” танилцуулжээ.


“Энэхүү төлөвлөгөө нь вакцинжуулалтын аян, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тооноос хамаарна” гэж Ерөнхий сайд Александр Де Кроо мэдэгджээ. Мягмар гаргийн байдлаар Бельгид насанд хүрсэн 10 хүн тутмын дөрөв нь вакцины эхний тунг хийлгээд байгаа бөгөөд цаашид вакцинжуулалтын ажлыг түргэтгэх ажээ.


Бельгид өнгөрсөн бямба гаргаас зоогийн газар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг сэргээж, гадаах талбайд дөрвөн хүн нэг ширээнд суухыг зөвшөөрчээ. Ийнхүү зургаадугаар сарын 9-нөөс кинотеатр, бялдаржуулах төв, театруудыг нээж, дээд тал нь 200 хүн хамруулах үйл ажиллагаа зохион байгуулахыг зөвшөөрөхөөр төлөвлөж байна.


Дэлхий дахин цар тахлыг хяналтад авахаар тэмцэж буй энэ цаг үед коронавирусний эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн орнуудын тоо нэмэгдсээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий даяар 280 вакциныг гарган авч байгаагаас 97 нь эмнэлзүйн туршилтын шатандаа явж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ