Гэмтсэн хотон шувууг эдгээж нууранд буцаан тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-05-12 10:06:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн байгаль хамгаалагчид ижил сүрэгтэйгээ нийлж дулаан орныг зорьж чадаагүй байсан хотон шувууг гэрт өвөлжүүлснээ саяхан Хар-Ус нууранд буцаан тавьжээ. Уг хотон шувууг хууль бусаар агнахыг завдсаны улмаас далавч нь гэмтээд байсныг нутгийн иргэд болон байгаль хамгаалагч нар эдгээсэн талаар WWF Mongolia байгууллагаас мэдээллээ. 


Шархдаж гэмтсэн уг хотон шувуу нь нэн ховор борцгор хотон бөгөөд Ховд аймгийн Жаргалан сумын иргэн, биологич мэргэжилтэй Ц.Ганболд 6 сар гаруйн хугацаанд гэртээ тэжээжээ.

Уг шувууны баруун далавч нь өнгөрсөн оны зун гэмтээд 11 дүгээр сар гэхэд буруу эдгэрснээр нисч чадахгүй болжээ. Тийм учир уг шувуунд зориулсан тавцан бүхий талбайг Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол Улс дахь хөтөлбөрийн газраас санхүүжилэн байгуулжээ. 

Сүүлийн жилүүдэд хотон шувууны тоо толгой өсөж байгаа боловч хууль бусаар агнахыг завдах, гадны ямар нэгэн нөлөллөөс гэмтэж ижил сүрэгтэйгээ халуун оронд нүүхгүй үлдэх тохиолдол гарч байна.


Ташрамд мэдээлэхэд энэ сарын 8-нд Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр тохиож, уг өдрийг тохиолдуулан  Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас байгаль хамгаалагч нарт зориулсан онлайн сургалт зохион байгуулжээ.




Сургалтад уул уурхайн компанийн төлөөлөгчид,  байгаль орчны ажилтнууд, Говь гурван сайханы Байгалийн цогцолборт газар, Тост-Тосон бумбын Байгалийн нөөц газар, Говийн бага дархан газрын ажилтнууд, сургуулийн сурагчид багш нар, гэрэл зурагчид оролцлоо.  Энэ үеэр аймгийн гэрэл зурагчид, "Ертөнц" гэрэл зургийн нийгэмлэгийн гишүүн иргэд, залуучууд сайн дураараа хамтран нутаг нутгийнхаа шувуудын зүйлийг тогтоож, тоог нэгтгэхэд оролцохыг уриаллаа. 



Холбоотой мэдээ