Халдвар авсан 85 настай иргэн нас барлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-09 13:28:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Арвайхээр сумаас 55, Тарагт сумаас 9, Баян-Өндөр сумаас 133, Хархорин сумаас 166 иргэнийг PCR шинжилгээнд хамруулахад халдварын 8 тохиолдол шинээр илэрлээ. Тухайлбал,

Арвайхээр суманд - 3 / 6, 13 дугаар багт өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд/

Баян-Өндөр суманд - 1 /Эх үүсвэрийг судалж байна/

Хархорин суманд - 4 /өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд/ гарчээ. Аймагт халдварын нийт 309 тохиолдол бүртгэгдсэнээс 254 хүн эдгэрч гарсан бол 68 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Одоогоор 458 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд халдвар авч, биеийн байдал маш хүнд байсан 85 настай нэг иргэн өнөө өглөө нас барсан байна. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж нас барсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлээд “Өвөрхангай аймаг халдварт цар тахлын амаргүй цаг үеийг туулж байгаа гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Тиймээс аль болох гэрээс гарахгүй байх, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалахыг иргэн бүр алхам тутамдаа санаж явмаар байна” гэлээ.

Одоогоор аймгийн хэмжээнд 1410 хүн гэрийн ажиглалтад, 634 хүн тусгаарлах байранд байна. Өнгөрөгч 24 цагт 260 хүн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд бүгд сөрөг гарчээ.

Холбоотой мэдээ