Л.Цэцэгмаа: “Хос бичгийн төв” нээн ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-05-07 17:35:17

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Цэцэгмаатай уулзаж ярилцлаа. Тэрээр 1989 онд УБДС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Өмнөговь аймгийн Номгон сум, Даланзадгад сумын "Эрдмийн гэгээ" сургуульд мэргэжлээрээ багшилж байгаад, 2003 оноос БСУГ-ын Монгол хэл, бичгийн судлагдахуун хариуцсан мэргэжилтнээр одоог хүртэл ажиллаж байна.


- Өмнөговь аймагт Хэлний бодлогын салбар зөвлөл хэдэн онд байгуулагдсан бэ? Энэхүү салбар зөвлөлийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлооч?

- Аймгийн Засаг даргын энэ оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар Хэлний бодлогын салбар зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Салбар зөвлөлийн дарга нь аймгийн Засаг дарга байдаг. Энэхүү зөвлөл нь Хэлний бодлогын зөвлөлд жилд 2 удаа тайлангаа өгдөг учир эргэх холбоотой, бас орон нутагт хэлний бодлогын ажлыг эзэнжүүлснээрээ ач холбогдолтой гэж боддог.

- Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд танай аймгийн салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна?

- "Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг энэ жилийн хувьд цахим хэлбэрээр зохион байгуулахаар дараах ажлуудыг төлөвлөөд заримыг нь хэрэгжүүлээд ажиллаж байна. Үүнд “Хос бичигтэн Өмнөговь” пэйж хуудас нээн ажиллуулж байна. Аймгийн төв номын сангаас уламжлал ёсоор сурагчдын дунд үндэсний бичгийн хичээнгүй бичиг, бийрийн бичгийн төрлөөр уралдаан зарласан байгаа. Баяраа угтаад аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан үндэсний бичгийн орчин бүрдүүлэх ажлын удирдамж баталсан. Уг удирдамжийн дагуу Даланзадгад хотын төв сааданд Батмөнх даян хааны гудамж байгуулан, үндэсний бичгийн орчин бүрдүүлэхээр төлөвлөсөн. Мөн монгол хэл, бичгийн багш нарт МУБИС-тай хамтран “Үндэсний бичиг заах арга зүйн сургалт” зохион байгуулна. Сумдын дунд “Хос бичигтэн Өмнөговь” аян зарлаад байна.  


Өмнөх жилүүдэд эх хэл, бичиг үсгээ сурталчлах зорилгоор багш, сурагч, иргэдийн бичсэн “Хичээнгүй бичиг”, “Уран бичлэг”, Төв номын санд байгаа үндэсний бичгээр бичсэн ном, мөн архивт байгаа үндэсний бичгээр бичсэн соёлын өв, дурсгалт бичгүүдийн үзэсгэлэн гаргадаг байсан. Үзэсгэлэнд оролцож байгаа бүтээлүүдийн чанар жилээс жилд сайжирч байгааг үзэсгэлэнгүүдээс хардаг. МУБИС-тай хамтран “Эх хэл-Эрдмийн хишиг” аяныг 12 жил дараалан зохион байгуулж, иргэд, багш, сурагчдын дунд эх хэлний олимпиад, хичээнгүй бичиг, бийрийн бичгийн уралдаан зохион байгуулж, мөн бийрийн бичгийн сургалт зохион байгуулснаар үндэсний бичгээ сонирхон сурах иргэдийн тоо нэмэгдсэн төдийгүй багш, сурагчдын чадварт ахиц гарсан.


Түүнчлэн монгол хэл, бичгийн багш нарын 50 хувь нь ӨМӨЗО-ны Үндэсний дунд сургууль дээр очиж, эх хэл, бичиг үсгээ заан сургаж байгаа арга зүйтэй танилцаж, мөн өөрсдөө хичээл зааж туршлага солилцсон. Үүний үр дүнд багш нарын үндэсний бичгийн хичээл заах идэвх хандлага нэмэгдэж, үндэсний бичгийн кабинетийн тоо сүүлийн 2 жилд 6-гаар нэмэгдэж, нийт сургуулийн 60 хувь нь шаардлагад нийцсэн үндэсний бичгийн кабинеттай болоод байна. Мөн “Ертөнц төв” -өөс жил бүр зохион байгуулдаг “Хичээнгүй бичгийн уралдаан”-д бэлтгэн амжилттай оролцсоноор багш, сурагчдын хичээнгүй бичих чадвар эрс сайжирсан.

- Өмнөговь аймаг үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд бэлтгэл хэр хангагдаж байна?

- Манай аймаг “Үндэсний бичиг -III” хөтөлбөрийг үндэслэн дэд хөтөлбөрөө анхныхаа хурлаар баталсан. Өмнөх хоёр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн боловч хамрах хүрээ нь Ерөнхий боловсролын сургуулиар хязгаарлагдаж байлаа. Одоо “Үндэсний бичиг-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил бүх албан байгууллага, ААН, төрийн албан хаагч гээд бүхий л салбарыг хамарч байгаа. Төрийн албан хаагчдад компъютер дээр үндэсний бичгээр бичиж сурах сургалтыг эхлүүлээд байна. Хөл хориотой байгаа нөхцөл байдлыг харгалзан, үндэсний бичгээр компьютер дээр бичих заавар зөвлөмжийг CD-нд буулган, 30-аад албан байгууллагын нарийн бичигт хүргэлээ. 

- Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ЕБС-ийн түвшинд ямар ахиц гарч байна?

- Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ЕБС-ийн түвшинд 2 янзаар бичээд байдаг үгсийнхээ зөв хувилбарыг мэдэх боломжтой болсон.Сургуулиудад хүрэлцээтэй хуваарилагдсан тул хичээл сургалтад ашиглаж байна.

- Өмнөговь аймгийн хувьд бичгийн соёлын дурсгалаа хэрхэн хадгалж хамгаалж байна. Энэ талаар хүүхдүүдэд соёлын өвийн боловсрол олгодог уу, салбар зөвлөл хэр анхаарч ажиллаж байна?

- Говь нутгийнхаа хойч ирээдүй болсон хүүхэд багачууддаа БШУ-ны сайдын 528 дугаар тушаалыг үндэслэн, нутаг орныхоо соёл, зан заншил, бичиг дурсгалыг танин мэдүүлэх зорилгоор “Говийн ирээдүй хүүхэд” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд дунд болон ахлах ангийн сурагчдыг говь нутгийнхаа үзэсгэлэнт газраар аялуулж, соёлын өвтэй танилцуулан, хичээл судлагдахуунтай нь холбож, тэдний мэдлэг, чадвар, хандлага, авьяасыг хөгжүүлэх ажил зохион байгуулна. Тухайлбал, сурагчдын зурсан зургаар үзэсгэлэн гаргах, тэмдэглэл, эсээ бичлэгийг нийтлэх ажлыг зохион байгуулах юм.

- Эх хэлний өдрөөр аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлүүд үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн байсан. Энэ аяны зорилго биелсэн үү?

- Эх хэлний өдрөөр аймгийн хэлний бодлогын салбар зөвлөл цэцэрлэг, ЕБС-ийн хүүхдүүдийн дунд үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн. Тус аяны хүрээнд “Өв соёлоо дээдэлдэг хүүхэд” аян, “Манай говиор зочлон очоорой” аялгуут магтаал, “Говь шанхын гурван уртын дуу” сурах аян, аймгийн сүлд дуу “Тэмээн сүргийн говь” дууны шүлгийг үндэсний бичгээр хичээнгүй бичих аян гээд 5 төрлийн аян зохион байгуулж, идэвхтэй оролцсон хамт олон, хүүхдүүдийг шагнаж урамшуулсан. Нийт арван мянга гаруй хүүхэд дээрх аянуудад хамрагдсан. Мөн “Ерөөл хэлэх” цахим сургалт хийж, 150 хүүхэд оролцсон.

-Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр аймаг, сумдад монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү?

- Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр байгууллага, ААН-ийн гадна хаягаа үндэсний бичгээр бичих тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 60 орчим хувь нь гадна хаягаа үндэсний бичгээр бичсэн байгаа. Мөн байгууллагын самбар дээрх хаяг, гарчгаа үндэсний бичгээр бичих нь түгээмэл болсон.


- Ер нь сүүлийн жилүүдэд бидний эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа нь харагддаг. Энэ талын судалгааг аймагтаа хийж байв уу?

- Сүүлийн жилүүдэд иргэд болоод төрийн албан хаагчдын үндэсний бичгээ сурах хүсэл эрмэлзэл нэмэгдэж, хувиараа монгол хэлний багш нарт хүсэлт тавьж, сургалт авч байгаа иргэдийн тоо өссөөр байна. Шинээр барьж ашиглалтад орж байгаа “Багш хөгжлийн ордон”-д “Хос бичгийн төв” нээн ажиллуулна. Тус төвийг байгуулснаар “Хэлний бодлогын салбар зөвлөл”-ийн гишүүд үйл ажиллагаагаа явуулах, иргэдэд сургалт зохион байгуулах, үндэсний бичгээ сурталчлах зэрэг ажлыг зохион байгуулах нөхцөл бололцоо сайжирна гэж үзэж байгаа.

- Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

Холбоотой мэдээ