С.Мөнгөнчимэг: 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд 120 мянган ажлын байрыг хадгална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-05 16:14:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгээс тус яамны хэвлэлийн алба тодруулсныг толилуулж байна.


-Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын макро эдийн засагт ямар эерэг үр дүн авчирна гэж хүлээж байна вэ?

 -Энэ бол эдийн засаг болон эрүүл мэндийн чиглэлээр нийт 56 үйл ажиллагааны зорилгыг тусгасан цогц төлөвлөгөө юм. Засгийн газрын яамд болон харьяа агентлаг, газрууд өөрсдийн чиг үүргийн дагуу цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Дэлхий нийтээрээ эдийн засгийг Ковид”-ын өмнөх болон” Ковид”-ын үеийн, дараах гэж ангилж, дүн шижилгээ хийж, зохицуулдаг болсон байна. Аль болох л Ковид”-ын өмнөх буюу хэвийн үеийн эдийн засаг руугаа хурдан хугацаанд хүрэхийг хичээж байгаа. Бид ч бас тийшээ зорьж байна.

Энэхүү цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр ковидын өмнөх буюу 2019 оны эдийн засгийн үзүүлэлтүүдэд хүрэхийн зэрэгцээ, цар тахлын дараах эдийн засгийн суурийг бэлдэж, эргэн сэргэх нөхцөлийг хадгална гэж тооцоолж байгаа. “Цогц төлөвлөгөө”- нд тусгасан ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл, Монголбанкны репо санхүүжилт, орон сууцны ипотекийн зээлийг эрчимжүүлсэн арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байгаа. Энэ бүхэн нь иргэд, ААН, бизнес эрхлэгчдийн дунд хүлээлт өндөртэй байсныг ч харуулж буй. Төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс хойших ажлын 31 хоногт нийт 1 их наяд 152 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Нөгөө талдаа зээл олголтод арилжааны банкууд эдийн засгаа дэмжихэд санаачилгатай байж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг эрчтэй өргөжүүлж байгаад талархаж байна.

Цогц төлөвлөгөө хэрэгжиж эхлээд удаагүй учраас эдийн засагт үзүүлэх том үр нөлөө, макро үзүүлэлтийн талаар дүгнэж ярихад арай эрт юм. Гэхдээ эдийн засгийн идэвхжилд тодорхой нөлөө үзүүлж байгаа нь илэрхий ажиглагдаж эхэлсэн. Тухайлбал, цахим төлбөрийн системийн и-баримт уншуулалт 2019, 2020 онтой харьцуулахад хамаагүй өндөр байна. Энэ нь худалдан авалт нэмэгдсэн, зах зээлийн идэвхжил сайжирсныг харуулж байгаа үзүүлэлт. ААН-ийн орлогын албан татвар мөн өмнөх 2 жилийнхтэй харьцуулахад өндөр байна. Мөн НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн ААН-ийн тоо өмнөх 2 жилийнхээс 2-3 дахин өссөн нь аж ахуйн нэгжүүд маань албан секторын бүртгэл, мэдээллийн системдээ орж үйл ажиллагаа явуулах хандлага нэмэгдэж байна гэсэн дүр зураг харагдаж байна.


АН-үүдийг дэмжих, ажлын байрыг хадгалах 2 их наяд төгрөгийн зээлийн эрэлт их байгаа нь илт мэдрэгдэж байгаа. Зээл олголт харин ямархуу түвшинд байгаа бол?

 -Энэ нь манай улс зах зээлд шилжсэнээс хойш ААН-үүддээ жилийн 3 хувийн хүүтэй буюу нэн хөнгөлөлттэй зээлийг банкны системээр дамжуулан олгосон анхны тохиолдол болж байна. Цогц төлөвлөгөөнд тусгасан бага хүүтэй зээлийн онцлог нь хүүгийн хөнгөлөлтийг нь төрөөс төсвийн дэмжлэгээр арилжааны банкуудад олгож байгаа. Харин банк өөрийн эх үүсвэрээр зээл олгож, эдийн засаг дахь мөнгөний урсгалыг нь нэмэгдүүлж байгаа юм.

Жил гаруй хугацаанд үргэлжилсэн идэвхгүй байгаа эдийн засагт ажлын байрыг хамгаалах бага хүүтэй зээл, репо санхүүжилт, ипотекийн зээлийн сувгийг тэлж нээснээр идэвхжлийг эрс нэмэгдүүлж өгч байгаа. Жилийн 3 хувийн хүүтэй зээл бол ажил хийдэг, бизнес эрхэлдэг хүндээ үнэхээр нүдээ олсон том дэмжлэг болно. Одоогийн байдлаар ажлын байрыг дэмжих зээлд 589.2 тэрбум төгрөгийн санхүүжилт, 8,491 зээлдэгчид гарсан байна. Ингэснээрээ 22,389 ажлын байрыг хадгалж чадаж байна гэж харж байгаа.


-Нийт хэчнээн ААН, иргэнд хүрч хэдэн ажлын байрыг хамгаална гэж тооцож байна вэ?

 -10 их наядын цогц төлөвлөгөөний 2 их наяд нь ажлын байрыг дэмжихэд зориулна. Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр ойролцоогоор 3500 аж ахуйн нэгж, 20,000 иргэнд хүрч ажиллах төлөвлөгөөтэй байна. Ингэж чадвал эдийн засагт маш том эерэг нөлөө үзүүлнэ. Бидний урьдчилан тооцоолсноор цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр нийт 120,000 ажлын байрыг хадгалах бололцоотой.


-Зээлийг хүртээмжтэй байлгах талаар яаж анхаарч байна вэ. Тэр тусмаа банкны системээр дамжиж буй зээлийн шалгуурыг ААН-үүд давж чадах уу?

 -Ажын байрыг дэмжих зээлд ААН-ээс гадна иргэд хамрагдана. Тодруулж хэлбэл, бичил бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг айл өрхүүд, иргэд энэ зээлийг авах боломжтой. Эдгээр иргэнд төрөөс ямар нэгэн шалгуур тавихгүй байгаа. Харин ААН-үүдийн хувьд нэг л шалгуур тавьж байгаа. Тэр нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байх. Хэрэв та маргааш зээлийн хүсэлт өгөх гэж байгаа бол өнөөдөр ч бүртгүүлж болох юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар ААН-үүддээ “Бага хүүтэй зээл авахын тулд албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгж байж, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байгаач ээ” л гэж байгаа юм. Энэхүү зээлийн эх үүсвэрийг арилжааны банкууд өөрсдөө гаргаж байгаа учраас зарим нэг эрсдэлээс хамгаалах шалгуур тавьж байгаа. Гэхдээ энэ шалгуур ковид гарахаас өмнө буюу эдийн засаг хэвийн байсан үеийнхтэй харьцуулшгүй. Харин ч шалгуур, үзүүлэлт нь эрс буурсан байгаа.

Бид зээл олголтыг хурдасгаж, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд банкны шалгуурыг үе шаттай бууруулах талаар Сангийн яам, Монголбанктай хамтран арилжааны банкуудтай хэлэлцээр хийж байна. Энэ дагуу зарим банк зээлийн шалгуураа буулгасан. Тодруулбал,

  • хувь хүн зээл авахын тулд сүүлийн 6 сар тасралтгүй бизнес эрхэлсэн байх шалгуурыг зөөлрүүлж, тасралтгүй гэхийн оронд “Цар тахлын үед 6 хүртэл сарын хугацаанд бизнес нь явагдаагүй байж болно”,
  • орлогыг нь нотлохдоо эдийн засаг хэвийн буюу 2019 оны орлогоор нь тооцож байгаа.
  • Мөн зээлийн найдваргүй түүхтэй байж болно, түүнийг нь харгалзахгүйгээр, зөвхөн зээлээ барагдуулж үлдэгдэлгүй байх гэх зэргээр аль болох уян хатан зохицуулалтыг хийж байгаа.
Холбоотой мэдээ