Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний чуулган эхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-03 12:44:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл" үндэсний нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр улсын хэмжээнд цахимаар болно.


Нээлтэд УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Швейцарын Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри, НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Кан нарын албаны хүмүүс оролцож цахимаар мэндчилгээ дэвшүүлэх юм. 


Чуулганы үндсэн илтгэлийг Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч, нэгдсэн үйл ажиллагааны зөвлөх багийн ахлах доктор У.Туяа, "Тогтвортой хөгжлийн боловсролын талаар баримталж буй бодлого: Олон улсын байгууллагын туршлага"-ын талаар ШУТИС-ийн "Нээлттэй боловсрол" төвийн зөвлөх, дээд боловсролын лабораторийн эрхлэгч профессор Д.Бадарч, "Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого ба Тогтвортой хөгжлийн зорилго-2030-ын уялдаа" сэдвээр Засгийн газрын ХЭГ-ын Бодлого төлөвлөлийн газрын дарга П.Зохихсүрэн нар тавих юм.



Монгол Улсын Засгийн газар болон Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2019 онд байгуулсан гэрээ, Монгол Улс дахь Швейцарын Хамтын ажиллагааны газар болон хуучнаар БСШУЯ-ны хоорондын 2020 оны гэрээнд тус тус үндэслэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хоёр дахь үе шат (2020- 2022) манай улсад хэрэгжиж байгаа юм.


БСШУЯ (тухайн үеийн нэрээр)-ын сайдын “Төслийн хэрэгжилтийн тухай” 2020 оны А/168 тоот тушаалаар Боловсролын Хүрээлэн нь түшиц байгууллагаар сонгогдож, төслийг орон нутгийн түвшинд "Байгаль орчны мэдээлэл сургалтын төв" ТББ болон үндэсний түвшний мэргэжлийн 11 байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.

“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төсөл нь УИХ-ын баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2020- 2024 онд үйл ажиллагааны хөтөлбөр” (2020), “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль” (2020), түүнчлэн Засгийн газраас баталсан “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” (2016), “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр” (2018), “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2021- 2030)” (2020) зэрэг олон улсын болон үндэсний түвшний хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах эхний үе шаттай цаг хугацааны хувьд давхцаж байгаагаараа онцлог юм. 


Холбоотой мэдээ