“Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн Монгол дахь нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-29 18:22:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад хэрэгжүүлэх “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн цахим нээлт өнөөдөр боллоо.


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн бүс нутагт хэрэгжүүлж байгаа “Бизнес ба хүний эрх: Хамгаалах, хүндэтгэх, зөрчигдсөн эрхийг сэргээх механизмаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” хөтөлбөрийн хүрээнд тус хөтөлбөрийг эхлүүлж байгаа юм. 


Нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр оролцож, НҮБ-аас гаргасан хариуцлагатай бизнесийг дэмжин хэрэгжүүлэх тухай суурь зарчим болох “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч буй алхмын талаар танилцуулав.


Тэрээр Монгол Улс үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэд нийгмийн бүх тал – иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог хангах явдлыг хүний хөгжлийг хангах сайн засаглалын суурь арга зүй болгон дэвшүүлснийг онцолж, “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим”-ыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө гаргах үйл явц нь хүний эрхийг бүрэн хангасан үндэсний тогтолцоог бэхжүүлэх, олон талт түншлэлийг хөгжүүлэх, хүний эрхийг хүндэтгэсэн бизнесийн соёлыг нутагшуулахад бодит түлхэц болно гэж үзэж байгаагаа тэмдэглэв.


Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсын Засгийн газрын энэхүү хүчин чармайлтад тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Европын Холбоонд гүн талархал илэрхийлэв.


НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2015 онд Монгол Улс дахь хүний эрхийн хоёр дахь удаагийн тайланг хэлэлцэж, 150 зөвлөмж өгсний дотор НҮБ-аас 2011 онд гаргасан “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх, энэ зорилгоор үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө батлах”-ыг уриалсан зөвлөмж багтсан. Монгол Улсын Засгийн газар 2016 онд 204 дүгээр тогтоолоороо, Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах бодлогын шийдвэр гаргасан билээ. Гадаад харилцааны яам эл үйл явцыг манлайлан ажиллаж байна.


Гурван жилийн хугацаанд хэрэгжих “Бизнес ба хүний эрх” төсөл нь үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлэх замаар хүний эрхийг хүндэтгэсэн хариуцлагатай бизнесийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Холбоотой мэдээ