Архангай аймагт тэг зогсолт хийж, халдваргүйтгэлийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-29 12:12:03
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн төв Эрдэнэбулган суманд өнөөдрөөс эхлэн 5 дугаар сарын 3-ныг хүртэл хугацаанд тэг зогсолт хийж, гадаа талбайн халдваргүйжүүлэлтийг хийж эхэллээ. Халдваргүйжүүлэлтийн бодис нь хүний эрүүл мэндэд хортой тул, иргэдийг гэр гэртээ байж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг чанд мөрдөхийг аймаг, сумын ОК-оос анхааруулж байна. Халдваргүйтгэлийг ААНБ-уудын дотор гадна тал, нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, байр, орон сууцны орц, хонгилд хийх бөгөөд аймгийн ЭМГ, ЗӨСТ, ЦГ, ОБГ, МХГ, Эрдэнэбулган сумын ЗДТГ, ХТҮГ, СӨХ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна. Энэ хугацаанд ундны усны усан сангууд хэвийн ажиллах ч иргэдийг аль болох олон давтамжтайгаар гэрээс гарч явахгүй, усаа нөөцөлж авахыг зөвлөж байна. Харин хүнсний дэлгүүрүүд, эмийн сан, ШТС зэрэг газрын үйл ажиллагааг бүрэн хаасан ба шаардлагатай тохиолдолд эм болон хүнсний хүргэлтийг өрхөд хүргэх хуваарийг гарган иргэдэд мэдээлж байна.
Аймгийн Цагдаагийн газраас сумын нутаг дэвсгэрт хяналтын 19 цэгт 38 алба хаагч хоёр ээлжээр хязгаарлалт тогтоон ажиллаж байна.

Холбоотой мэдээ