АНУ 60 сая тун вакциныг бусад улс оронтой хуваалцана

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-27 10:02:13

ЛОНДОН. /BBC/. “AstraZeneca”-гийн вакцинаас бэлэн болмогц нь 60 сая тунг АНУ бусад оронтой хуваалцахад бэлэн байна гэж Цагаан ордон мэдэгдэв.


Вакцин аюулгүй болохыг дахин нягталж үзсэний дараа экпортолно. АНУ-д вакцины нөөц байгаа ч зохих байгууллагууд эдгээр вакцинд хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл хараахан олгоогүй байгаа аж.


Улс орнуудад вакцины зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болоод байгаа энэ үед вакцин нууцаар нөөцөллөө хэмээн зарим шүүмжлэгч Засгийн газрыг буруутгажээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “AstraZeneca”-гийн вакцинаас 4 сая тунг Мексик, Канадад нийлүүлэхээ амласан юм. Үүнээс гадна Энэтхэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Ж.Байдены засаг захиргаа нөөцөөсөө хуваарилахаар болсон билээ.


Халдварт өвчний дэгдэлттэй тэмцэж буй үед нь Энэтхэгийн вакцины үйлдвэрлэлийг түүхий эдээр хангахаа АНУ өмнө нь мэдэгдсэн байна. Хүчөлтөрөгч, вакцины материал, эмийн бүтээгдэхүүн зэрэг яаралтай нэмэлт тусламж үзүүлэхээ Ерөнхийлөгч Ж.Байден Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярих үеэрээ амлажээ.


АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар ойрын долоо хоногуудад вакцинд дахин хяналт шалгалт хийсний дараа “AstraZeneca”-гийн вакцинаас 10 сая тунг нийлүүлэх төлөвтэй байгааг Цагаан ордны мэдэгдэлд дурдсан бөгөөд үлдсэн 50 сая тун нь үйлдвэрлэлийн шатандаа байгаа аж.  

Холбоотой мэдээ