Багдад хотын эмнэлэгт болсон дэлбэрэлтийн улмаас 28 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-25 11:08:31

КАИР. /Риа Новости/. Коронавирусээр халдварласан өвчтөнүүд хэвтэн эмчлүүлж байсан Багдад хотын эмнэлэгт дэлбэрэлт болсны улмаас амиа алдсан хүний тоо 28 болж нэмэгдсэн тухай “Dijlah” телевиз мэдээлэв.


Ослын улмаас 50 хүн шархаджээ. Харин Иракийн хүний эрхийн комисс мэдээлэхдээ, эмнэлэгт дэлбэрэлт болж, гал гарсны улмаас амь үрэгдсэн хүний тоо 30-45 болж нэмэгдсэн гэжээ. Үүнтэй холбоотойгоор комиссын төлөөлөгчид Иракийн Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардаад байгаа аж.


Багдадын зүүн өмнөд хэсгийн Дияла бүсэд орших уг эмнэлгийн хоёр давхарт байдаг хүчилтөрөгчийн баллоны агуулахад дэлбэрэлт болсны улмаас гал гарчээ. Галыг унтраах ажиллагаанд гал унтраах, аврах 30 орчим ангийг оролцуулсан байна. 


Иргэний батлан хамгаалах, онцгой байдлын газрын мэдээлснээр, дэлбэрэлт болох үед эмнэлэгт 120 орчим хүн байсан бөгөөд аврагчид 90 хүнийг галын аюулаас аварчээ.


Ослын шалтгааныг мөрдөн шалгахыг Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Казыми үүрэг болгосон байна. Энэ хэрэгт холбогдуулан эмнэлгийн ерөнхий эмч, аюулгүй байдлын албаны дарга, эмнэлгийн техникийн хангамж хариуцсан ажилтнуудыг саатуулаад байгаа аж. Тус эмнэлэг нь галын аюулгүй байдлын системээр тоноглогдоогүй бөгөөд өрөөнүүдийн тусгаарлагч шатамхай материалаар хийгдсэн байжээ.

Холбоотой мэдээ