Аудитаар 1.4 тэрбум төгрөгийн зөрчил илрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-23 18:56:04
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас тус аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайланд аудит хийж, дүнг аймгийн Засаг даргад танилцууллаа.

Санхүүгийн тайлангийн аудитын хүрээнд шалгуулагчийн санхүүгийн тайланд холбогдох хууль тогтоомж, стандарт, захиргааны хэм хэмжээ болон бусад эрх зүйн актын шаардлагын биелэлт, үнэн зөв, шударгаар тайлагнасан байдалд аудит хийж баталгаажуулдаг ажээ.

Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 1.4 тэрбум төгрөгийн 194 зөрчил илэрчээ. Зөрчлийн мөнгөн дүн өмнөх онд гарсан зөрчлөөс 2 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Энэ нь аймаг, сумдын Засаг дарга, Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн байгууллагууд Төрийн аудитын газраас өгсөн зөвлөмжийн дагуу аудитаар илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байхад чиглэсэн ажлуудыг зохион байгуулж ажилласны үр дүн хэмээн тус аймаг дахь Аудитын газраас дүгнэсэн байна. 

Холбоотой мэдээ