Дэд сайд Б.Мөнхжин “Бүс ба Зам санаачилга: Цаг үеийг сөрж хөгжих нь” хэлэлцүүлэгт оролцов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-04-21 07:33:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын 20 жилийн ойн уулзалт энэ сарын  сарын 18-21-нд болж байна. Уг уулзалтын хүрээнд зохион байгуулсан “Бүс ба Зам санаачилга: Цаг үеийг сөрж хөгжих нь” сэдэвт хэлэлцүүлэгт Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин оролцов.


Хэлэлцүүлэгт Европын комиссын Ерөнхийлөгч асан Романо Проди, Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд Андрей Слепнев, Хятадын үндэсний нефть, хийн корпорацын гүйцэтгэх захирал Дай Хоулин, Словени Улсын Ерөнхийлөгч асан, Мадрид клубийн Ерөнхийлөгч Данило Тюрк зэрэг улс төр, бизнесийн нэр хүндтэй төлөөлөгчид мөн оролцож, Бүс ба Зам санаачилга ба засаглалын асуудал, санаачилгын үр нөлөөг хэрхэн үнэлэх болон цар тахалтай тэмцэх, эдийн засгийг сэргээн идэвхжүүлэхэд Бүс ба Зам санаачилгын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. ​


Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс Ази, Европыг холбосон хуурай замын тээвэр, логистикийн гол гарц болох нөөц боломжийг хөгжүүлэхэд Бүс ба Зам санаачилгын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэж үздэгийг онцолж, энэ хүрээнд “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” мөн Монгол Улсын Засгийн газрын “Талын зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрш улс орнуудтай хамтран ажиллахын төлөө байгааг илэрхийлэв. ​


Дэд сайд Бүс ба Зам санаачилгын хүрээнд хэрэгжүүлж байгаа Цахим Торгоны зам, Ногоон Торгоны зам, мөн Эрүүл мэндийн Торгоны зам зэрэг санал санаачилгын ач холбогдлыг үнэлж байгааг тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ