Оросын сансрын станцын анхны модуль 2025 онд бэлэн болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-04-20 17:32:21

МОСКВА. /RIA Novosti/. Дэлхийн тойрог замд гаргах ОХУ-ын шинэ станцын анхны модуль 2025 онд бэлэн болно. Энэ нь Олон улсын сансрын станцад /ОУСС/ зориулагдсан Шинжлэх ухаан-эрчим хүчний модуль байх болно гэж "Роскосмос"-ийн тэргүүн Дмитрий Рогозин мэдээлжээ.  


“Дэлхийн тойрог замд ажиллах Оросын шинэ станцын анхны үндсэн модулийг бүтээх ажил өрнөж байна. Пуужин-сансрын “Энергия” корпорац түүнийг 2025 онд тойрог замд оруулахад бэлэн болгох зорилт тавиад байна” гэж Рогозин “Telegram” хуудсандаа бичжээ. Тэрбээр энэ бичвэртээ “Энергия” корпорацид уг модулийг бүтээж буй ажлыг харуулсан бичлэгийг хавсаргасан байна.


Шинжлэх ухаан-эрчим хүчний модулийг 2012 оноос бүтээж эхэлжээ. Анхны төлөвлөгөөгөөрөө энэхүү модулийг 2015 онд бүтээж дуусгаж, одоо Америкийн сегментээс цахилгаанаа авдаг ОУСС-ийн Оросын хэсгийн эрчим хүчний хараат байдлыг арилгах ёстой байжээ. Уг модуль нь мөн шинжлэх ухааны судалгаа явуулах зориулалтай юм. Гэвч 2015 онд зөвхөн эскиз зураг төсөл нь л бэлэн болжээ.


Нээлттэй мэдээллээс үзвэл, Шинжлэх ухаан-эрчим хүчний модулийн нислэгийн корпусыг 2017 оноос угсарч эхэлж, газар дээрх туршилтуудыг 2018 оноос эхлүүлсэн байна. 


Өмнө нь ОХУ-ын шадар сайд Юрий Борисов ОУСС-ын төслөөс тус улс 2025 оноос гарах талаар төслийн түншүүддээ анхааруулах хэрэгтэй гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, ОУСС-ын одоогийн байдал осол сүйрэл гарахад хүргэж болзошгүй байгаа аж. Тэрбээр мөн үндэсний сансрын станц байгуулах төлөвлөгөөний талаар ярьжээ. 


ОУСС-ын төслөөс гарахтай холбоотой эцсийн шийдвэрийг 2024 онд буюу уг станцын ашиглалтын хугацаа дууссаны дараа гаргана гэж "Роскосмос" тайлбар өгчээ. Эцсийн шийдвэр ямар байх нь ОУСС-ын техникийн байдал, мөн оросуудын сансрын станц бүтээх ажлын байдлаас хамаарах аж.


 


Холбоотой мэдээ