Осакад онцгой байдал тогтоох хүсэлт гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-04-19 17:18:01

ТОКИО. /NHK/. Японы баруун нутгийн Осака мужийн захирагч Ёшимүра Хирофүми “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд муждаа онцгой байдал тогтоохыг төв Засгийн газраас хүснэ гэдгээ өнөөдөр мэдэгджээ.


Осакад ням гарагт халдварын 1220 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мужийн хэмжээнд сүүлийн зургаан хоног дараалан өдөрт 1000-аас олон тохиолдол илэрсэн байна.


Мөн баруун нутгийн тус мужид эмнэлгийн ачаалал хэтэрчээ. Тодруулбал, ням гаргийн байдлаар биеийн байдал хүнд өвчтөний тоо 286-д хүрсэн нь ийм өвчтөнүүдийг хэвтүүлэх орны тооноос /248/ давсан байна.


Үүнтэй холбогдуулан Осакагийн эрх баригчид орон нутгийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдэд нэмэлт ор дэлгэхийг үүрэг болгосноос гадна хөрш Шига мужид өвчтөнүүдийг хүлээн авч, сувилагч нарыг илгээж, бусад шаардлагатай тусламж үзүүлэх хүсэлт тавьжээ.


Мөн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байхыг оршин суугчдадаа уриалсан байна.


Үүнээс гадна Осакатай хөрш зэргэлдээ оршдог мужуудад халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болжээ. Тухайлбал, Вакаяма мужид ням гарагт 44 тохиолдол шинээр илэрсэн нь өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн Хиогод 406, Нарад 79 тохиолдол илэрчээ. Эдгээр мужид ням гарагт хамгийн олон тохиолдол илэрсэн нь энэ ажээ. 

Холбоотой мэдээ