Эрдэнэдалайгаас бусад сумын орох, гарах хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-04-14 22:42:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, 72 цагийн хатуу хөл хориог зогсоон дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргалаа.

Харин коронавирусний 15 тохиолдол батлагдаад байгаа Эрдэнэдалай суманд дөрөвдүгээр сарын 19 хүртэл “тэг” зогсолт үргэлжлэх юм.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Эрдэнэдалай сумаас бусад сум хооронд зорчих хөдөлгөөнийг нээж, тусгай горимоор ажиллах байгууллагуудын жагсаалтыг гаргажээ.

Тодруулбал, эрчим хүч, дулаан, усан хангамж, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, өмгөөлөл, нотариат, шатахуун түлшний хангамж, хүнс, ахуйн хэрэглээний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ариутгал халдваргүйтгүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, банк, харилцаа холбоо, шуудан, сууц өмчлөгчдийн холбоо, цаг уур, хэвлэл мэдээлэл зэрэг байгууллагыг ажиллуулах ба хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийг 9:00-21:00 цагийн хооронд ажиллуулахаар хязгаарлалт тогтоов.

Мөн өвс тэжээл худалдаа, газар тариалан, геологи, уул уурхайн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахаар шийдвэрлэсэн.

Харин сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг зогсоосон байдал дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл үргэлжлэх ба энэ хугацаанд бүх байгууллага, албан газрууд, тоглоомын талбай, орон сууцны орцуудыг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлэхийг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон байна. 

Холбоотой мэдээ