Гурван хувийн хүүтэй зээлийг 7356 зээлдэгчид олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-04-14 14:23:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тайланг сонслоо.


Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай нийт 2 их наяд төгрөгийн зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа. Энэ сарын 12-ны байдлаар нийт 525.6 тэрбум төгрөгийг 7356 зээлдэгчид олгоод байна. Нийт зээлдэгчийн 1146 нь аж ахуйн нэгж, 6210 нь иргэн байгаа бөгөөд авсан зээлийн дундаж хэмжээ иргэдийн 37.4 сая, аж ахуйн нэгжийнх 256.1 сая төгрөг байна. Одоогоор 12 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг судалж байгаа юм.


Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийн хүрээнд 1557 зээлдэгч нийт 246 тэрбум төгрөг олгосон бол орон сууцны ипотекийн зээлд 2982 зээлдэгч хамрагдаж, 222.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.


Засгийн газрын хуралдааны товч мэдээ:


- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Трактор, хөдөө аж ахуйн машин, агуулах нийлүүлэх төсөл”-ийн дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг холбогдох хууль журмын дагуу байгуулахыг ХХААХҮ-ийн  сайдад даалгав.


- Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 2020 оны улсын нэгдсэн тайлан, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээллийг тус тус  сонсов.


- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,  Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.


- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан боловсруулсан “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд төсөлд өгөх саналаа нэгтгэж санаачлагчид уламжлахаар тогтов.


- Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга танилцуулав.

Холбоотой мэдээ