Л.Баттөр: Нууц үедээ байсан хүмүүсээс халдвар илэрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-14 12:27:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр өнөөдөр ЭМЯ-ны хэвлэлийн хуралд оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

 

-Иргэдийн дунд 28 хоног хөл хорих байх гэсэн таамаглал гараад байна. Хэрвээ 28 хоног хоривол ямар үр дүнд хүрэх вэ?

 

-Энэ удаагийн хөл хориогоор өвчний нууц хугацаандаа байгаа хүмүүс илэрч байна. Нууц үедээ байсан хүмүүсийн өвчлөл өнөөдөр бүртгэгдэж байгаа гэсэн үг. Бүх нийтийн хөл хөдөлгөөн хумигдсан ч гэр бүлийн хүрээний халдвар тарах боломжтой.


-Вакцины хоёр дахь тунгийн нөөц ямар байгаа вэ?

-Синофармын вакцины хувьд нөөцийн асуудал яригдаж байгаа. Энэ вакциныг 56 хоног хүртэлх хугацаанд хоёр дахь тунг тарихад дархлаа тогтоно гэж үзэж байна.


-Халдвар аваад эмнэлгийн тусламж авч чадалгүй 20 настай залуу нас барсан гэдэг нь үнэн үү. Гэртээ хүндрэх эрсдэлийг хэрхэн тооцож байгаа вэ?

-20 настай залуу нас барсныг тодруулах шаардлагатай. Энэ залуугийн хувьд суурь өвчин байсан. Тухайн хүн нийтийн асрамжийн газар байрлаж байсан. Нийтийн байр, асрамжийн газарт байгаа хүмүүс халдварт өртөх эрсдэлтэй байна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд дүүргийн эмнэлгүүдийн эмч нар зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Шинж тэмдэг багатай иргэдийг гэрээр тусгаарлаж байна.


-Гэрээр хэдэн хүн тусгаарлагдаж байгаа вэ?

-Нийт 3172 хүн гэрээр тусгаарлагдаж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудтай өрхийн эмнэлгийн эмч нар холбоотой байгаа.


-Гэртээ харьж чадахгүй ажиллаж байгаа эмч нарын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Халдвар гарч эхэлсэн үеүдэд олон сараар гэртээ харихгүй байх тохиолдол байсан. Эмнэлгийн эмч ажилчид маань 14 хоног тусгаарлах байранд байдаг байсан. Одоогоор тусгаарлах байранд 7 хоног, гэрт нь дахин 7 хоног тусгаарлаж байна.


-Вакцин хийлгээд халдвар туссан хэдэн хүн байна вэ?

-Вакцин хийлгэсэн 2304 хүн өвчлөөд байна. Нэгдүгээр тун хийлгэсэн хүмүүст илэрч байгаа юм. Вакцин хийлгэсний дараа халдвар хамгааллаа сайн баримтлах хэрэгтэй. Вакцины эхний тунг хийлгэснийхээ дараагаар халдвар авч нас барсан 3 тохиолдол бий. Эхний 21 хоногийн дотор буюу тухайн хүний бие бүрэн дархлаажаагүй байхад халдвар авч байна гэсэн үг.


-Хавдартай иргэдэд ямар вакцин хийх вэ?

-Файзер вакцины хувьд эрүүл мэндийн байгууллагын ажилчид, нас барах эрсдэлтэй бүлгийг вакцинжуулаарай гэсэн чиглэлийг өгсөн. Сүүлийн үед нас баралтын тоо нэмэгдэж байна. Гэрийн тусгаарлалтад байсан хүмүүсээс 5 хүн нас барсан. Суурь архаг өвчин нь юу байсан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй цаг алдсан уу гэдгийг тодорхойлж байна.


-Иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой халдвар авч байгаа иргэдийн тоо буурч байна. Гэр орноо сайн агааржуулж байхад анхаарах хэрэгтэй. Цонхоо онгойлгоод хаалгаа давхар онгойлгож байж, агаарын урсгалыг сайн оруулна. Хоол идэхдээ доошоо харж идэх, хажуу хүнтэйгээ ярихгүй байх зэрэг энгийн дадлуудыг хэвшил болгох хэрэгтэй.

 

 

Холбоотой мэдээ