Архи, согтууруулах ундаа худалдсан дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-04-13 14:18:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хурлыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа. Хурлын эхэнд аймгийн ТҮНТ-ийн 70321111 утсаар ирүүлсэн иргэдийн санал, гомдлын талаар тус төвийн дарга Б.Анхтуяа танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөг олгосонтой холбоотойгоор хүнсний дэлгүүрт өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ өссөн гэх гомдол иргэдээс ирсний дагуу үнийн өсөлтөд хяналт тавьж, арга хэмжээ авахыг Засаг дарга А.Ишдорж холбогдох албаныханд даалгалаа.

Мөн архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон захирамжийг зөрчиж, нууцаар архи зарж байгаа дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг дахин олгохгүйгээр цуцлах арга хэмжээ авахыг Цагдаагийн газар, Арвайхээр сумын ЗДТГ-т үүрэг болгоод байна.

Түүнчлэн иргэдэд шаардлагатай мэдээлэл, лавлагаа, үйлчилгээг утсаар болон цахимаар шуурхай өгч, хүндрэл, чирэгдэл, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг төрийн байгууллагуудын дарга нарт анхааруулав.

Отроор холын аймагт яваа малчид нутагтаа буцаж ирэх хүсэлт тавьж байгааг хүлээн авч шийдвэрлэх, отроор өвөлжсөн нутаг орныхоо орчин тойрныг цэвэрлэж, малын сэг зэмийг устган, ашигласан саравч хороогоо хүлээлгэж өгөөд ирэхийг малчдад онцгой анхааруулахыг ХХААГ, Мал эмнэлгийн газарт үүрэг болголоо.

Холбоотой мэдээ