ОУСС-аас хүн анх сансарт ниссэний 60 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-04-12 13:52:40

МОСКВА. /TASS/. Олон улсын сансрын станцад /ОУСС/ байгаа Роскосмосын сансрын нисэгчид болох Сергей Рыжиков, Сергей Кудь-Сверчков, Олег Новицкий болон Петр Дубров нар Юрий Гагарин сансарт ниссэний 60 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ. 


Станцын удирдагч С.Рыжиков дөрөвдүгээр сарын 12-ны өдөр тохиож буй Сансрын нисэгчдийн өдрийн баярын мэнд хүргэж, бүх хүнд Олон улсын сансрын станцаас мэндчилсэн байна. 


"Анд нөхдөө, энэ өдөр бид та бүхэнд ойн баярын мэнд хүргэж байна. Сансар огторгуйг судлахад амьдралаа зориулсан хүн бүрт баярлалаа. Сансар судлалд хүн төрөлхтнийг улам бүр урагшлуулсан, энэ үйлийг үргэлжлүүлж байгаа хүн бүрт талархал илэрхийлье" гэж П.Дубров хэлжээ.


Сансрын нисэгч Кудь-Сверчков 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Юрий Гагарин сансарт ниссэн нь дэлхийн түүхэнд эргэлт хийсэн үйл явдал болсныг онцоллоо. "Энэ нислэгийг зүрхлэн хийсэн хүн бол манай улсын иргэн Юрий Алексеевич Гагарин билээ. Энэ өдөр дэлхий дахин түүний нэрийг мэдэж авсан бөгөөд учир нь чухамхүү энэ өдөр сансрын жолоодлогот нислэгийн түүх хэмээх шинэ түүх эхэлсэн юм" хэмээн тэрбээр хэлсэн байна. 


Дөрөвдүгээр сарын 12-нд дэлхийн Сансрын нисэгчдийн өдрийг тэмдэглэдэг билээ. Энэ онд Юрий Алексеевич Гагарин сансарт ниссэний 60 жилийн ой тохиож байна. Тэрбээр 1961 оны энэ өдөр "Восток-1" хөлгөөр хүн төрөлхтний дундаас сансарт анх нисэж, дэлхийг 108 минутын дотор тойрсныхоо дараа эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирсэн юм.


Холбоотой мэдээ