Хотоос хулгайн замаар ирсэн иргэнээс халдвар илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-04-12 13:44:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд PCR шинжилгээнд 663 хүнийг хамруулахад 7 эерэг хариу батлагдлаа. Бүрд суманд тусгаарлагдаж байсан хүмүүсээс 5, Хархорин суманд 1 эерэг тохиолдол батлагдсан бол энэ сарын 10-ны шөнө хулгайн тээврээр Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэнээс халдвар илрээд байна.

Тухайн иргэн энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгсөн ч хариугаа авалгүйгээр Өвөрхангай аймаг руу гарч, хяналтын постуудыг явганаар тойрч нэвтрэн хулгайн замаар иржээ. Түүний шинжилгээний хариу эерэг гарсныг ХӨСҮТ-өөс аймаг руу мэдээлсэн байна.

Тухайн иргэний ирсэн зам, маршрут, ойрын хавьтлыг тогтоож, хамт ирсэн хоёр иргэнийг очсон айлынх нь хүмүүсийн хамт гэрийн тусгаарлалтад ажиглаж байна.

“PCR шинжилгээ өгөөгүй, шинжилгээ өгсөн ч хариугаа аваагүй “хулгайгаар” зорчиж ирсэн, иргэдийн дунд халдварт өвчин тараасан хүмүүст торгууль ноогдуулж, тусгаарлах байрны болон бусад зардлыг төлүүлнэ” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж мэдэгдлээ.

Аймагт халдварын шинэ голомт үүсээгүй хэмээн үзэж, зах худалдааны төв, төр, хувийн хэвшлийн байгууллагыг богиносгосон цагаар ажиллуулж эхэлсэн энэ үед нэг иргэний буруутай үйл ажиллагаа нийт хүн амыг эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэх магадлалтай учраас хатуу хариуцлага тооцохыг сануулаад байна.

Өнөөдрийн байдлаар 93 иргэн бүрэн эдгэрч гэртээ гарсан бол 81 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 4, хөнгөн 75 хүн байна. Сүүлийн 24 цагт 74 хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарчээ.

 

Холбоотой мэдээ