Дижитал юань ам.долларын хувьд аюул болж магадгүй гэж болгоомжилж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-04-12 13:40:08

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа дижитал юанийг ашиглахтай холбоотой БНХАУ-ын төлөвлөгөөний талаар мэдээлэл цуглуулж байгаа гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.


Тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Сангийн яам, Төрийн департамент, Пентагон болон Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд дижитал юанийг ашигласнаас “учрах үр дагаврыг тодруулах” ажлыг эрчимжүүлжээ. АНУ-ын зарим албан тушаалтан Бээжин энэ валютыг дэлхийн зах зээл дээр ам.долларын гүйцэтгэх үүргийг багасгах зорилгоор ашиглаж магадгүй гэж эмээж байгаа аж. 


Ялангуяа Америкийн тал "дижитал юанийг хэрхэн тараах, түүний тусламжтайгаар АНУ-ын хориг арга хэмжээг тойрч гарах боломжтой эсэхийг сонирхож байна" гэж “Bloomberg” -ийн мэдээлэлд дурджээ. 


Жо Байдены засаг захиргаа одоогоор "Хятадын дижитал валютын аюултай тэмцэх арга хэмжээ" төлөвлөөгүй байна гэж эх сурвалжууд хэлжээ. Үүний зэрэгцээ Вашингтон "дижитал доллар бий болгох боломжийг" илүү их сонирхож эхэлсэн гэнэ. 


БНХАУ нь дижитал мөнгөн тэмдэгтийн хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа орнуудын нэг юм. Дижитал юанийг үүрэн холбооны дохио, интернэтийн холболтгүйгээр ч ашиглах боломжтой байж магадгүй байна. Өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ-ын Ардын банкны (Төв банк) мөнгөний бодлогын газрын дарга Сун Гүөфэн тус улсын янз бүрийн хотуудад дижитал юанийн дотоодын хаалттай туршилтыг явуулж байгаа талаар мэдээлсэн боловч яг хэдийд гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.


Холбоотой мэдээ