Нийтийн эрүүл мэндийг дэмжих жилийн нээлт цахимаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-04-12 17:40:13

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас энэ оныг “Нийтийн эрүүл мэндийг дэмжих” жил болгосны дагуу жилийн ажлын нээлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж, хэрэгжүүлэх ажлын дэлгэрэнгүйг ард иргэдэд танилцуулсан байна.

Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орон нутгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл дадал хэвшил, идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах,  эрүүл хүнсээр хангах, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх олон зорилт тусгажээ.

Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хүний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахын зэрэгцээ үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх, зүрх судас, хавдар зэрэг өвчлөлийг эрт илрүүлэх, бага насны хүүхдийг хоол тэжээлийн дутагдлаас сэргийлэх зэрэг таван зорилтын хүрээнд 36 үйл ажиллагааг ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжтэй хамтран зохион байгуулахаар болжээ.

Холбоотой мэдээ