"Би заавал хотын төв явах шаардлагагүй-1"

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-09 11:22:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Би заавал хотын төв явах шаардлагагүй болсон" гэж нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Л.Шижир хэлж байна. Тэр бол нийслэлийн гэр хорооллын 190 мянган айл өрхийн нэг гишүүн. Түүний харьяа хорооны нутаг дэвсгэрт АХБ-ны санхүүжилтээр "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл" хэрэгжиж, 240 хүүхдийн цэцэрлэг, сургууль баригдсан тул гэртээ ойр цэцэрлэгт хүүхдээ өгчихдөг болсон. Энэ бол түүний амьдралд гарч буй өөрчлөлтийн зөвхөн нэг жишээ юм. 


Гэр хороолол голлосон Сонгинохайрхан дүүргийн иргэд ажил бүтээх, төрийн үйлчилгээг авах гэж заавал хотын төв буюу хамгийн ойрдоо нийтийн нэрлэж заншсанаар Таван шар, "Драгон" болон цаашилбал "Саппоро" төв ордог байсан бол одоо ингэх шаардлагагүй болжээ. Учир нь гэрийнх нь дэргэд шахуу үйлчилгээ авах төв нээгджээ. Энэ талаар 8 дугаар хорооны иргэн О.Сансүдэн, "Манай Баянхошуунд одоо бүх юм бий болсон. Хүүхдийн цэцэрлэг, сургууль, төрийн үйлчилгээний төв, сургалтын газартай болж, айл өрхүүд төвлөрсөн дулаанаар хангагдаж байна" гэсэн юм. 





Түүнтэй бид "Баянхошуу дэд төв"-д байгуулагдсан Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв дэх Иргэдийн мэдээллийн өрөөгөөр ороод гарч байхад нь таарсан юм. Ямар ажлаар явааг нь сонирхвол, "Манайд энд газар чөлөөлөлт үргэлжилж буй эсэх, төлөвлөлтийн талаар мэдэхээр ирсэн. Манай энд хотын төвөөс дутах юмгүй болсон. Их олон юм хийж барьж байгуулж байна. Гэхдээ удаан байна" гэсэн юм. Тэрээр дээр дурдсан "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл"-ийн хүрээнд хийж буй бүтээн байгуулалтыг хэлж байгаа нь тэр юм. Энэ ажил газар дээрээ хэр өрнөж буйг  сурвалжлахаар бид Сонгинохайрхан дүүргийн Баянхошууг зорилоо. 



Нэг. 3500 айлын нутаг дэвсгэрт 15000 иргэн тав тухтай амьдрах

нөхцөлийг бүрдүүлж байна


Бидний эхний уулзсан хүн бол "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөр"-ийн дулааны инженер А.Буянбат. Тэрээр, "Бид одоо нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр байна. Манай төслийн хүрээнд "Баянхошуу дэд төв"-ийн бүтээн байгуулалт ид үргэлжилж байна. Энд нийт 162 га газарт цахилгаан, дулаан болон усан хангамж, автозам гэсэн инженерийн дэд бүтцийн цогц ажлыг хийж байна" гэв.


Тэрээр, "Бид Баянхошуунд нийт дулаан хуваарилах 12 төв, 5.5 км шугам барьж дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбож байна. 2019 онд I болон "Москва" хорооллоос нааш, хуучин дулааны 11 И магистралийн 3.4 км шугамыг өргөтгөж шинэчилсэн. Үргэлжлүүлээд 3.2 км дулааны шинэ шугамыг "Баянхошуу дэд төв" хүртэл татаж байна. Мөн 5.5 км дулааны шинэ шугамыг барьж байна. 

Дулааны даралт өргөх өргөлтийн насос станц, өндөр хүчин чадлын дулаан дамжуулах 2 төвийг өнгөрсөн онд ашиглалтад өгсөн. Одоо 6 дугаар сард дулааны шинэ шугам болон дулаан хуваарилах төвүүдийн барилгыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Дээр нь 6.5 км автозамыг тавьж байна" гэв. Дээрх бүтээн байгуулалтыг 20 гаруй компани тус тусдаа гүйцэтгэн ажиллаж байгааг танилцууллаа.


-Та бүхний хийж буй инженерийн дэд бүтцэд гэр хорооллын хэчнээн айл өрх хамрагдах вэ?

-"Баянхошуу дэд төв"-ийн хүрээнд ТЭЗҮ хийж байх үед 3500 айл өрх хамрагдах тооцоо гарч байсан. Энэ хэмжээний айл өрх хамрагдаж ус, цахилгаан, дулаанаар хангагдаж, автозамтай болно гэсэн үг. Дэд төв бүрэн ашиглалтад орсноор энд 15 мянган иргэн тав тухтай нөхцөлд оршин суух тооцоотой.


-Дулааны шугамаас гадна дэд бүтцийн бусад ажил өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай явна вэ?

-Дулаан хангамжийн шугам сүлжээний нийт ажлын 80 хувийг хийгээд байна. "Баянхошуу дэд төв"-ийн хүрээнд цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгмийн барилга байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбосон. Нүүрс түлж дулаанаар хангаж байсан хуучин уурын зуухуудыг буулгаж байна. "Баянхошуу дэд төв"-д 2018 онд 240 хүүхдийн цэцэрлэг, сургалтын Бизнес инкубатор төв баригдсан. Одоо энд 20 айлын орон сууцыг барьж байна гэв. 


Хоёр. Таван айлын газар дээр 20 айлын орон сууц


Үргэлжлүүлээд "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөр"-ийн барилгын инженер Ц.Ганзоригтой барилгын талбай дээр уулзав. Тэрээр төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны 5 айлын газар чөлөөлсөн талбай дээр тус бүр 10 айлын 2 блок барилгын ажлыг 2020 оны 9 дүгээр сарын 10-нд эхлүүлсэн. Энэ оны 6 дугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөж буйг танилцууллаа. 


-Ийм орон сууц цаашид хэчнээн баригдах вэ?

-Энэ нь АХБ-ын санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй "Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр" төслийн хүрээнд загвар буюу жишиг орон сууц болгон барьж байгаа юм. Тийм учраас ашиглалтад орсон хойно гүйцэтгэл, хэрэгжилтийг үнэлж дүгнэнэ. Цаашаа өргөжөөд хэрэгжээд явах бүрэн боломжтой төсөл. 


-Орон сууцаас гадна төслийн хүрээнд өөр ямар барилга барьж байна вэ?

-Манай төслийн I үе шатанд Мэдээлэл, холбооны нэгдсэн үйлчилгээний төв болон 240 хүүхдийн 261 дүгээр цэцэрлэгийн барилгыг барьсан. Хүүхдийн цэцэрлэгийг дээрх орны тоогоор төлөвлөсөн ч 380 хүүхдийг хүлээн авах чадалтай. Унтлагын, агаар солилцох зориулалтын тусдаа танхимтай цэцэрлэг гэдгээр онцлог.


Мэдээлэл, холбооны нэгдсэн үйлчилгээний төв ашиглалтад орсноор гэр хорооллын иргэд зөвхөн орон сууцанд байдаг IT технологийн интернэтийн үйлчилгээг гэртээ бүрэн ашиглах боломжтой болох юм 

-Эдгээр үйлчилгээг гэр хорооллын нийт хэчнээн иргэн хүртэх вэ?

-Жишээ нь, бидний барьсан Нэгдсэн үйлчилгээний төвд Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 9, 10, 24, 40 дүгээр хороо гээд Баянхошууны эцсийн буудлаас эхлээд эргэн тойрны бүх хорооны иргэд тэр чигээрээ үйлчлүүлэх боломжтой юм. Энд мөн Баруун, Зүүн салаа, Ханын материалын айл өрхийнхөн хамрагдах боломжтой гэв. 



Гурав. "COVID-19" бидэнд менежментээ цаг тухай бүр

өөрчилж сайжруулах хэрэгтэйг ойлгууллаа


Бид "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөр"-ийн хүрээнд "Баянхошуу дэд төв"-д ажиллаж байгаа, энд оршин сууж буй иргэдээс "COVID-19" цар тахлын халдварын нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд бидэнд ямар сорилт, ямар сургамж өгч, юуг ойлгуулав, цар тахлын дараа юу хийх шаардлагатай байгаа талаар санал бодлыг сонссон юм. Хүн бүр л өөр өөрийн ажил, амьдралтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж байв.


"Баянхошуу дэд төв"-ийн Нийтийн үйлчилгээний нэгдсэн төвийн менежер А.Нямсүрэн:

-Цар тахал бидэнд хүндрэл учруулж байна гэхээсээ илүү энэ бол цаг хугацааны хувьд бидэнд үзүүлж буй сорилт гэдгээр хүлээн авах хэрэгтэй. "COVID-19"-ийн дараа юу хийх шаардлагатай байна гэвэл, төрийн үйлчилгээг нэмж, иргэдэд хэрэгтэй байсан, алдсан боломжийг эргүүлэн авчирч олгохын төлөө илүү ажиллах шаардлага гарч ирж байна. Ялангуяа, гэр хорооллын иргэдэд төрийн үйлчилгээг авах эрэлт хэрэгцээ их байгаа учир үүнийг хангах учиртай. Энд оролцох нутгийн захиргааны байгууллагын тоо, мөн хувийн хэвшил болон  ТББ-уудыг нэмэх хэрэгтэй байна.


"Баянхошуу дэд төв"-ийн Иргэдийн мэдээллийн төвийн ажилтан З.Анхзаяа:


-Манай төвөөр жишээ болгон хэлэхэд "COVID-19"-ийн дараа энд иргэд үнэгүй үйлчилгээ авч, сурч боловсрох, мэдээлэл авах бүрэн боломж хүлээж байна. Наад зах нь гэр хорооллын хүүхэд залуус, цаашид сурч боловсрох шаардлагатай байна. Одоо гэр хорооллын хүүхэд, залуучууд сургалтад хамрагдахын тулд заавал хол явж хотын төв ордоггүй болж байна. Үйлчилгээ гэр хороололд улам ойртож байна. Үүнийг хүртээмжтэй болгохын төлөө ажиллана.


Төслийн барилгын инженер Ц.Ганзориг:

-"COVID-19" бол бидний, хүн төрөлхтний хүлээж байгаагүй, "төлөвлөөгүй",  гэнэтийн зүйл, гэнэтийн сорилт цохилт болсон. Улс даяараа хямарч буй нөхцөлд барилгын ажилчин бидэнд бараа, материалаа татан авахаас эхлээд санхүү, цаг хугацааны хувьд хүндрэл учруулж ирсэн. 

Гэхдээ бидэнд менежментийг цаг тухай бүрт хийх боломж бүхий өөрчлөлтийг олгож өглөө. Төслийн ажилд цаг хугацаа гэдэг хамгийн үнэт зүйл байдаг учир аль болох ажлаа амжуулахын тулд гүйцэтгэх ажлын дотоод менежментийг сайжруулж, гарч болох эрсдэлийг урьдчилан харж, тооцон даван туулж ажиллах хэрэгтэйг ойлгуулж санууллаа. 


-"COVID-19"ийн нөхцөл байдал хөдөлмөийн аюулгүй байдал (ХАБ)-ын холбогдох дүрэм журамд нэмж заалтуудыг оруулж ирж байна. Гэх мэтээр барилга угсралтын ажлын арга барилыг хүртэл, бүх юмыг өөрчилж ирлээ. Менежментээ сайжруулах хэрэгтэй байна. Тодруулбал, хүн бүр, ААН бүр халдварын нөхцөл байдалтай нүүр тулж, ажиллаж, амьдарч, үүнийгээ ойлгож буй учир ажил, амьдралын арга барилаа өөрчлөх шаардлага тулгарсныг мэдрүүллээ.


Төслийн дулааны инженер А.Буянбат:

-"COVID-19"-өөс шалтгаалж бараа материал оруулж ирэх зэргээр ажил жаахан хойшилж байсан тал бий. Нөгөө талаар цар тахлын нөхцөлд цахимаар харилцах нь их болсноор цаг хэмнэх, бичиг цаасаар дамждаг байсан харилцаа шууд үүсэж ажил хурдан явах бас давуу тал бүхий боломжийг бий болголоо. Энэ утгаар "COVID-19" бас бидэнд нэлээн юм сургалаа. Барилга, инженерийн салбарт ХАБ-ын давуу талуудыг бас харууллаа гэв. 


Бидний сурвалжилсан "Баянхошуу дэд төв"-ийн бүтээн байгуулалт нь АХБ-наас манай улсад нийгмийн хүрээнд хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд гэр хороололд байгуулж буй 6 шинэ төвийн нэг юм. АХБ болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй дээрх төсөл хөтөлбөр нь 3 үе шаттайгаар 9 жил хэрэгжих юм. Төслийн I шатанд нийслэлийн хойд бүсийн гэр хорооллыг "Баянхошуу", "Сэлбэ" дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх ажлын явц 80 хувьтай, төслийн II дахь үе шатны Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвүүд 30 хувьтай үргэлжилж байна.


Б.Болд

Гэрэл зургуудыг Б.Чадраабал


Холбоотой мэдээ