Батлан хамгаалах яамны харьяа ТӨҮГ-уудын бизнес төлөвлөгөөг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-04-07 15:41:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мягмар гарагт Батлан хамгаалах яамны харьяа Төрийн өмчит үйлдвэрийн газруудын бизнес төлөвлөгөөг баталжээ.


Энэ үеэр тэрбээр, “БХЯ-ны харьяа Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг эрчимтэй хөгжүүлэх, үр ашигтай байлгах, сахилга, зохион байгуулалт, байгууллагын зохих стандартыг хангаж ажиллахад удирдлага, шат шатны албан тушаалтнууд өндөр ач холбогдол өгөх ёстой. Засгийн газраас Төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг дэмжих чиглэлд, ялангуяа үр ашигтай байлгах талаар онцгой анхаарч байгаа” гэв.


Мөн Төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьд тухайн салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулдаг, өөрийн гэсэн орон зайтай байх ёстой зэрэг шаардлага тавьдаг учраас дээрх чиглэлд ахиц, дэвшил гаргаж ажиллах нь чухал гэдгийг Батлан хамгаалахын сайд онцолсон байна.


Тэрбээр, 2020 онд хүрсэн түвшин, ажлын гүйцэтгэлээ улам ахиулж, үйл ажиллагааг чанаржуулан, иргэдэд хүрэх үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох асуудлаар тодорхой үүрэг, чиглэл өгч удирдлагуудад ажлын амжилт хүслээ.

Холбоотой мэдээ