Уул уурхайн 23 мянган ажилчин вакцинжуулалтад хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2021-04-07 10:59:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтад уул уурхайн салбарын 23 511 ажилчин хамрагдаад байна. Тодруулбал, УОК болон Өмнөговь аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу энэ сард уул уурхайн салбарын ажилчдын ээлж солигдох байдлыг түр зогсоож, ажилчдыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна.

Эхний ээлжинд эрдэс баялгийн экспортын тээврийн 7330 жолооч вакцинд хамрагдаж, 2 дахь тунгын тарилга 4 дүгээр сарын 15-наас эхлэх гэж байна. Уул уурхайн тээврийн жолооч нараас гадна эрдэс баялгийн экспортын голлох нэрийн бүтээгдэхүүнийг боловсруулж үйлдвэрлэж буй уурхайнуудын 38.8 мянган ажилчдыг дархлаажуулалтад хамруулахаар болоод байна.

Үүнд эхний ээлжинд Тавантолгой болон Нарийн сухайтын бүлэг ордын уурхайнуудын ажилчдыг хамруулж байна. Одоогоор 84 ААН-ийн 9000 ажилчинг хамруулжээ. Мөн Шивээ-Овоогийн уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Шарын гол” ХК-ийн ажилчдыг 100 хувь хамруулаад байна. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК 12 мянган тун вакцин татан авч, өнөөдрийн байдлаар 4000 ажилчинг хамруулжээ. 

Холбоотой мэдээ