“Эрүүл аюулгүй-цахим орчин” аяны нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-02 21:04:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос санаачлан аймгийн ИТХ, “Хүслэн” хүүхдийн нэгдсэн зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Эрүүл аюулгүй-цахим орчин” аяны нээлт дөрөвдүгээр сарын 1-нд боллоо.


Өсвөр насны хүүхдүүд цахим орчинд ихэнх цагийг өнгөрүүлэх болсонтой холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, өсвөр насны хүүхдүүдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах, зөв зохистой, хариуцлагатай, хяналттай интернэт хэрэглээнд төлөвшүүлэхэд олон нийт, эцэг эхчүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг анхаарч ажиллахад уриалах нөлөөллийн үйл ажиллагааг явуулах зорилгоор энэ аяныг өрнүүлэхээр болжээ. Аян дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1 хооронд зохион байгуулах бөгөөд энэ хугацаанд:

-Цахим орчны зөв зохистой хэрэглээ, цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар хүүхэд багачууд, өсвөр үеийнхэн, олон нийтэд чиглэсэн сургалт мэдээллийн ажил зохион байгуулах;

-Байгууллагуудын мэдээллийн самбарт цахим орчны зөв хэрэглээний талаарх зөвлөмж, зөвлөгөө байрлуулах, сурталчлах

-Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс цахим орчинд соёлтой, хариуцлагатай, зөв зохистой оролцох талаар үе тэнгийнхэндээ нөлөөллийн ажил зохион байгуулах;

-Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг уриалах, хамтран ажиллах /хүүхдийг цахим халдлагаас хамгаалах, цахим орчны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр зөвлөмж зөвлөгөө, мэдээлэл/;

-Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг өгөх агуулга бүхий постер бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээх;

-Контентийг олон нийтэд түгээх;

-Гарын авлага, зөвлөмж гаргах зэрэг ажил зохион байгуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа тухай тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас танилцуулав.

Холбоотой мэдээ