Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-04-02 20:29:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт өнөөдрийн 12.00 цагийн байдлаар короновируст халдварын батлагдсан тохиолдол 25 болоод байна. 

Дээрх батлагдсан тохиолдлын дам хавьтлууд гэртээ өөрийгөө тусгаарлахгүй, дэлгүүр, банкаар үйлчлүүлсэн, олон нийтийн газраар явсан зэрэг зөрчлүүд гаргаж байгаагаас үүдэн аймгийн Онцгой комиссоос амралтын хоёр өдөр хэрэгжүүлэх дараах шийдвэрийг гаргав.

-Эрсдэлийн үнэлгээ хийж урьдчилан сэргийлэх,  дам хавьтлуудын эрүүл мэндийн байдлыг тандах зорилгоор түүвэрчилсэн шинжилгээг энэ сарын 3, 4-ний өдрүүдэд батлагдсан тохиолдлуудын дам хавьтлаас авах

-Энэ хугацаанд эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан, эрчим хүч, дулаан үйлдвэрлэл, усан хангамж, хүнсний худалдаанаас бусад үйл ажиллагааг хязгаарлан бүх нийтийн хөдөлгөөнийг хатуу хориглох

-Аймгийн Онцгой комиссын гишүүд болон газар хэлтсийн удирдлагуудыг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж улмаар багууд хариуцан гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хянах үйл ажиллагааг эрчимжүүлэх

-Төрийн байгууллагын алба хаагчдыг сар шинийн үеэр ажиллуулж байсан журмын дагуу гудамж хариуцуулан эргүүл хяналтаар ажиллуулах

-Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн гар утсанд “CLIX GPS” аппликейшнийг суурилуулах

-Энэ сарын 5-ны өдрөөс эхлэх хичээл сургалтын үйл ажиллагааг 7 хоногоор хойшлуулж, цахимаар хичээллэх боломжоор хангах

-Баянхонгор сум доторх объектуудад ариутгал халдваргүйтгэлийг дахин хийх

-Тусгаарлах байранд МХГ-ын холбогдох асуудал хариуцсан байцаагчдыг ажиллуулан, халдвар хамгааллын дэглэм сахиулах арга ажиллагааг сайжруулах

-Сумдын тусгаарлах байруудыг МХГ-аас  арга зүйн зөвлөгөөгөөр хангах

-Аймгийн төвийн Тусгаарлах байруудад нэн шаардлагатай байгаа халдвар хамгаалал, ариутгалын зүйлсэд шаардлагатай 15 сая төгрөгийг олгох шийдвэрүүдийг тус тус гаргав.

Иймд ААН-үүд энэ хугацаанд ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийж, иргэд мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн хүрээнд АОК-оос гаргасан шийдвэрийг хүндэтгэн дор бүрнээ хариуцлагатай, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн хамтран ажиллахыг уриалж байна.

Холбоотой мэдээ