700 гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулан орон нутагт нь буцаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-02 16:46:56

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. 

Сүүлийн 24 цагийн байдлаар Архангай аймагт "Ковид-19" халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна. 

Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын 372 иргэнд PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. Гэвч ард иргэд маань анхаарал болгоомжоо сулруулалгүй, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг АОК-оос анхаарууллаа. 

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ:

Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ‘’Улаан түвшин’’д шилжүүлсэн хугацаа үргэлжилсээр байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн сум доторх зорчих хөдөлгөөнд 4-р сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд хязгаарлалт хийсэн. Хязгаарлалтай холбоотойгоор аймгаас сум руу, сумаас аймаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Хөдөлгөөн хийх иргэдэд дараах таван тохиолдолд зөвшөөрөл олгож байна. Үүнд:

1. Буяны ажил,

2.Эрүүл мэндийн зайлшгүй шаардлагаар эмнэлгийн бичигтэй иргэд,

3. Улаанбаатар хотын харъяат иргэн зайлшгүй шаардлагаар буцах тохиолдолд,

4. Хүнс, шатахуун тээврийн нөөц бүрдүүлэлт,

5. Ачаа тээвэр зэрэг багтана. 

Эдгээр таван шаардлагад нийцэх хөдөлгөөн хийх бол АОК-т хүсэлтээ гаргаж, зөвшөөрөл авах ёстой бөгөөд нотлох баримтыг үндэслэн зөвшөөрөл олгох юм. Мөн PCR шинжилгээнд заавал хамрагдсан, шинжилгээний хариу бүрэн гарсан байх шаардлагатай юм. 


Архангай аймагт хөл хорионы улмаас саатсан сумдын иргэдийг шат дараатайгаар гаргах ажил үргэлжилж, хөл хорио тогтоосноос хойш 700 гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулсны үндсэн дээр орон нутагт нь буцаагаад байна. 

Харин бусад сумаас аймгийн төвд ирэх иргэдийг зайлшгүй шаардлагыг үндэслэн гаргасан СОК-ын зөвшөөрлийн бичгийг үндэслэн нэвтрүүлнэ. Ямар нэг зөвшөөрөлгүйгээр хяналтын пост нэвтрэхийг завдвал Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох болно гэдгийг дахин анхаарууллаа. 


Харин Эрдэнэбулган сумын хэмжээнд төв доторх хөдөлгөөнийг хязгаарласан байгаа бөгөөд ажиллах тусгай шаардлагатай байгууллагын алба хаагчдад АОК-оос зөвшөөрөл олгож байна.

Холбоотой мэдээ