Амьжиргаагаа дээшлүүлэх боломжийн талаар мэдлэг олгох судалгааны төсөл хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-03-29 14:22:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог дээшлүүлэх, тэдний амьжиргаагаа сайжруулах боломжийг судлан, бодлогын зөвлөмж гаргах судалгааны төслүүдийг шалгаруулав.


Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос малчин эмэгтэйчүүдийн байгалийн нөөц баялгаа хамгаалах, зохистой ашиглахад гүйцэтгэсэн үүрэг, өнөөгийн нөхцөлд тулгарч буй бэрхшээл, сорилтыг судлан, аж байдлыг нь сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасгахад оруулах хувь нэмрийг нь дээшлүүлэх арга замыг тодорхойлохоор сонгон шалгаруулалт зарлажээ.


Үүнд эрдэмтэн судлаачдаас 28 төсөл ирүүлснээс асуудлыг судалгааны баримтад түшиглэн шийдвэрлэхэд чиглэсэн, урьд нь хийсэн ажлуудтай давхцаагүй шинэлэг, онолын төдийгүй туршлагад нийцсэн байдал, бусад шалгуурыг хангасан таван төслийг шалгаруулж, тус бүр 2 500 ам.долларын тэтгэлэг олгож байна. Үр дүнг энэ оны эхний хагас жилд багтаан Жендэр судлаачдын симпозиумаар хэлэлцүүлэх юм. 


Шалгарсан төслүүдийг Ховд, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Төв аймагт хэрэгжүүлнэ. Төслүүдийн онцлох зорилтоос дурдвал, ус, намгархаг газрын экосистемийг түшиглэн амьдарч буй малчин өрхийн эмэгтэйчүүдийг аялал жуулчлалд татан оролцуулж орлогынх нь эх үүсвэрийг нэмэх, тариалан эрхлэгч эмэгтэйчүүдийн аж ахуй эрхлэлтэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөө, даван туулах боломжийн талаар мэдлэг олгохоор тусгажээ.


Шалгарсан судалгааны төслүүд:

-Уур амьсгалын өөрчлөлтөд “Хар-Ус нуурын бүсэд амьдарч буй малчин эмэгтэйчүүдийн дасан зохицож, амьжиргаагаа дээшлүүлэх боломж” - Доктор З.Бурмаа, Ховд их сургууль,


-“Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын менежмент” Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймаг – Докторант З.Ундрах, ХААИС, Эдийн засаг, бизнесийн сургууль,


-“Уур амьсгал, улс төр, социологи нийгэм, хууль эрх зүй, нийгэм эдийн засгийн газарзүй зэрэг олон суурь шинжлэх ухааны салбарт хийх судалгаа” Хэнтий, Төв аймаг – ХААИС, АЭС-ийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч доктор, дэд профессор Ш.Оюунтуяа,


-“Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт ба уур амьсгалын нөлөөлөл” сэдвээр Төв аймгийн Жаргалант, Заамар сумын бизнес эрхлэгч дунд судалгаа хийж, ажлын үр дүнг хэмжих – МУИС Бизнесийн сургуулийн дэд профессор Ө.Гэрэлт-Од,


-Социологийн ухааны доктор М.Батбаатарын “Хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийн амьдралын чанар, амьжиргааны нөхцөлийг тодорхойлох тоон ба чанарын судалгаа” Архангай аймгийн хөдөөгийн эмэгтэйчүүдийн жишээнд суурилсан зэрэг судалгааны төслүүд шалгарлаа.


Энэ ажлыг Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банк хамтран хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулжээ. Төсөл нь улс төр, хууль эрхзүй, эдийн засаг, соёлын болон гэр бүлийн бүх харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах (ЖЭТБ), ЖЭТБ-ын үзэл баримтлалыг үр дүнтэй тусган, Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хангахад чиглэж байгаа аж.


Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд манай улсын хөдөө аж ахуйн салбарын 84,9 хувийг бүрдүүлж буй нүүдлийн мал аж ахуй, малчин өрхийн амьжиргаа эн тэргүүнд өртөж  байна. 


Нөгөөтэйгүүр, малын тоо толгойг хязгаарлаж, ашиг шимийг нь сайжруулах, бэлчээр, усны нөөцөө зөв зохистой ашиглаж хамгаалахад малчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнд малчин эрэгтэй, эмэгтэйн ажил хөдөлмөрийн ялгаа, түүнээс үүдэн байгаль орчноо хамгаалахад оруулж буй хувь нэмрийг харгалзах, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд тэднийг дэмжих арга замыг оновчтой тодорхойлох нь чухал аж.


Тиймээс 2018 онд болсон “Тогтвортой Хөгжлийн Зорилт: Жендэр ба хөгжил” олон улсын бага хурлаас гарсан “Улаанбаатарын тунхаглал”-д тал нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах, нүүдэлчин амьдралын хэв маягт уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах стратегийг жендэрийн мэдрэмжтэй байдлаар нэн даруй боловсруулан хэрэгжүүлэхийг уриалжээ.

Холбоотой мэдээ