Туркийн эрх баригчид шинэ суваг барих төлөвлөгөөг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-03-29 10:07:55

АНКАРА. /Anadolu/. Туркийн эрх баригчид Хар тэнгисийг Гантиг тэнгистэй холбосон шинэ суваг барих төлөвлөгөөг иргэдийн хүсэлтийг харгалзан баталжээ.


Энэ тухай тус улсын Байгаль орчин, хот байгуулалтын сайд Мурат Курум мэдэгдсэн байна.


“Бид иргэдээс ирүүлсэн бүх хүсэлтийг харгалзан шинэ суваг барих төлөвлөгөөг баталлаа. Энэ хүрээнд гайхамшигт Истанбулдаа үр өгөөжөө өгөх төслийг хурдан хэрэгжүүлнэ гэж найдаж байна" гэж тэрбээр хэлжээ.


Түүний хэлснээр, иргэдийн мэдэгдэл, хүсэлтийн дагуу дуу чимээний хаалт барих ажлыг сувгийн төсөлд нэмж оруулахаар болсон байна.


Хар тэнгисийг Гантиг тэнгистэй холбох ёстой Истанбулын гэж нэрлэж буй суваг нь Туркийн орчин үеийн түүхэн дэх хамгийн том, хамгийн амбицтай төсөл болно гэж өмнө нь мэдээлж байв. 45 км урт, 400 м хүртэл өргөн, 25 м хүртэл гүнтэй хиймэл суваг нь Бешикташ, Сазлидере, Дурусу дүүргийг дайран өнгөрөх аж. Суваг дээгүүр 10 гүүр барихаар төлөвлөжээ. Истанбул хотын одоогийн дарга уг төслийг дэмжихгүй байгаа бөгөөд хотод аюултай гэж үзэж байгаа юм.


Истанбулын сувгийг барьж, ашиглалтад оруулсны дараа эхний жилүүдэд жилд нэг тэрбум орчим ам.долларын цэвэр ашиг авчрах бөгөөд 20 жилийн дараа энэ үзүүлэлт 60 тэрбумд хүрнэ гэж тооцоолжээ. Тэгвэл төслийн өртөг нь 15 тэрбум ам.доллар байх бөгөөд үүний 10 тэрбумийг нь барилгын ажилд зарцуулна.


Холбоотой мэдээ