Монголын баг тамирчид өмнөө том зорилго тавьжээ

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-26 14:04:29

УЛААНБААТАР. /FIFA/. "Катар 2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан шатны эхний тоглолтыг Монгол Улс 2019 оны 6 дугаар сард эх орондоо зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээсэн билээ.


Монголын “Хөх чононууд” баг Брунейн багийг 2: 0-ээр хожиж, эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолтод эхний ялалтаа байгуулсан юм.


Азийн бүсийн сонгон шалгаруулалт дахин эхэлснээр Монголын баг 21 сарын дараа тийнхүү талбай дээр гарсан юм. Шинэ ахлах дасгалжуулагч Растислав Бозикийн удирдлага дор Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг пүрэв гарагт Тажикистаны багтай тоглосон бол үүний дараа “F” хэсгийн шилдгүүд болох Японы багтай тоглоно.


“Сонгон шалгаруулалтын тоглолтууд коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон ч манай баг тоглолтондоо эргэн орохыг тэсэн ядан хүлээж байна” гэж Бозик хэлэв.


“Дэлхий даяар маш хүнд хэцүү цаг үе тохиолоо. Цар тахлаас үүдэлтэй бэрхшээлүүд бэлтгэлийг хүндрүүлсэн. Гэсэн ч бид учраа олж, бэрхшээлийн ард гарсан. Одоо бид эрч хүчээр дүүрэн байна. Бид шаргуу ажиллаж, тоглогчидоо хэвийн гольдрилд нь оруулна” хэмээн Словакын дасгалжуулагч Растислав Бозик ярьжээ.


Бозик дасгалжуулагч замналынхаа 18 жилийг Азид өнгөрүүлжээ. Тэрбээр Вьетнамын “Сон Донг Там Лонг Ан”, АНЭУ-ын «Аль Вахда» багуудад болон Малайзын багт туслах дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Өнгөрсөн оны 9 дүгээр сард тэрбээр Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсоноор анх удаа үндэсний шигшээ багийг ахлахаар болжээ.


“Үндэсний шигшээ багийг тэр дундаа Монголын багийг дасгалжуулна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Сүүлд би Монголын хөлбөмбөгийн холбооны залуучууд, дасгалжуулагчдыг сургах хэлтсийн даргаар ажиллаж байсан бол одоо шигшилттэй  холбоотой асуудлаар шийдвэр гаргах, үндэсний шигшээ багт тохирох стратегийг бэлтгэх нь миний үүрэг юм. Надад итгэл хүлээлгэсэнд талархаж байна” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна. 


Зүрх сэтгэлийг байлдан дагуулсан нь

ДАШТ-ий Азийн бүсийн сонгон шалгаруулалтын эхний шатнаас ахиж байгаагүй Монголын баг “Катар-2022”-д хүрэх замд Брунейн багийг хожиж хоёрдугаар шатанд анх удаа шалгарч түүхэн ялалт байгуулсан юм.


“Түүхэн ялалт урам зоригоор дутаж байсан ард түмэнд хүчтэй нөлөө үзүүлсэн. Шигшээ баг хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байсан бол тоглогчдыг эсрэгээрээ хөгжөөн дэмжигчид нь урам зоригжуулж байв” хэмээн эхний тойргийн талаар эргэцүүлж суусан Бозик ярьжээ.


Брунейн эсрэг тоглолтод багийн ахлагч Н.Цэдэнбал хоёр гоол оруулсан бол 29 настай Н. Наранболд нэг гоолыг хийсэн юм. Түүхэн үйл хэргээ үргэлжлүүлэн тэд ДАШТ-ий сонгон шалгаруулалтын хоёрын даваанд Мьянмар улсын шигшээ багтай өрсөлдөж, 1:0 харьцаагаар хожсон. Энэ удаад хожлын гоолыг А.Нармандахын дамжуулалтаар 20 настай залуу тамирчин А.Дөлгөөн Мьянмарын хаалганд оруулсан юм.


“Энэ гурван тоглогч цаашид багтаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Үнэн хэрэгтээ тэд багийн гурван үеийг төлөөлж байна. Иймд туршлагаасаа хуваалцах ахмад тоглогчидоос гадна эрч хүч өгөх залуу тоглогчид ч манай багт байна” гэж дасгалжуулагч Бозик хэлэв.


Сахилга бат ба чин сэтгэл

Таван удаагийн тоглолтоос ганцхан хожилтойгоор хэсгийнхээ доод хэсэгт бичигдэж буй Монгол Улс дахин ялалт байгуулахыг маш их хүсэж байна. Тэд гуравдугаарт бичигдсэн Тажикистаны багт 2019 оны 9-р сард 1:0 онооны харьцаагаар хожигдсон бол сарын дараа Японы багтай тоглоход 6:0-оор мөн хожигдсон юм.


Дасгалжуулагч Растислав Бозик, “Тоглолтууд бидний хувьд томоохон сорилт гэдгийг хэлэх нь илүүц биз. Бид хүчтэй өрсөлдөгчидтэй. Бид үр дүнд бус тоглолтондоо анхаарна. Хувийн тоглолт хийх болон багаар ажиллах мэтээр торгон мэдрэмжтэй тогловол бид сайн үр дүнд хүрч чадна. Энэ бол бидний гол үзэл санаа, философи юм. Монголын тоглогчид урам зориг авсан үедээ хурдан суралцаж чаддаг. Тэд сахилга баттай бөгөөд сэтгэлээсээ  тоглодог. Товчхондоо, тэд сөргөлдөөнөөс зайлсхийж эерэг өөрчлөлтөд хүрч чаддаг”  гэлээ.



Холбоотой мэдээ