Аймаг орон нутагт дархлаажуулалт хийх бэлтгэлийг хангажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-03-25 18:35:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн эсрэг дархлаажуулалт хийх бэлтгэл ажлыг ихэнх аймаг хангаж, үүнийг Эрүүл мэндийн газрууд зохион байгуулж байна. Тодруулбал, вакцинжуулалт хийх эмч, мэргэжилтнээ сургалтад хамруулан, вакцинд хамрагдах иргэдийн нэрсийг гаргаж цахим бүртгэлд оруулж, вакцин хийх хуваарийг гаргажээ. 

Тухайлбал, Говь-Сүмбэр аймаг нийт иргэдийн 60 хувийг дархлаажуулах бэлтгэл ажлыг хангаад байна. Баян-Өлгий аймаг 100 гаруй эмч, мэргэжилтэнг бэлтгэн дархлаажуулалт хийх нийт 19 байнгын нэгж, 23 түр цэг, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, архаг хууч өвчтэй иргэдийг гэрийн хаягаар нь очиж вакцинжуулах явуулын, мөн дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийг тандах багийг тус бүр байгуулаад байна. Аймгууд ийнхүү бэлтгэлийг хангаснаар ЭМЯ ирэх сараас нэгдсэн бүртгэлийг хүлээн авч, тухайн аймаг, орон нутагт хичнээн хүн тун вакцин нийлүүлэх дүнг гаргах аж. 



УОК бүх аймаг, суманд "COVID-19"-ийн эсрэг вакцинжуулалтыг энэ оны 5 дугаар сард албан ёсоор эхлүүлэхээ мэдэгдээд байгаа юм.



Одоогийн байдлаар аймгуудаас зөвхөн Өмнөговьд дархлаажуулалт хийж байна. Энд 2 цэгт өдөрт 1000 гаруй иргэдийг хамруулж байгаа юм. Эхний ээлжинд нүүрс тээврийн жолооч нарыг дархлаажуулж, БНХАУ-тай хийх нүүрсний экспортыг тээврийг саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүл байна. Дархлаажуулалтын нэг цэгийг шалган нэвтрүүлэх боомт дээр, хоёр дахийг нь суурьшлын бүсэд байгуулж, нүүрс экспортлогч ААН-үүдийн ажилчид, жолооч нарыг хамруулж байгаа талаар ЗТХЯ-наас байгуулаад "Ногоон бүс"-ийн шуурхай бүлгээс мэдээлж байна. 


Холбоотой мэдээ