Цэнхэрийн рашааны дэргэдэх жуулчны баазууд замаа заслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-14 13:35:37

Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг- Хангай ханы нурууны арын халуун усны рашааныг түшиглэн байгуулагдсан “Цэнхэр жигүүр”, “Шивээт манхан”, “Алтан нутаг”, “Дуут”, “Хангай”-жуулчны баазууд 10 сая төгрөг гаргаж, жуулчдын замд бэрхшээл учруулдаг Цэцэрлэг- Цэнхэрийн голын бэлчир Хүнхрийн хясааны өврийн замыг заслаа.

Ингэснээр зорчигчдын замыг 51км-ээр багасгаж, цаг хугацааг ч хэмнэх боломжтой болжээ.

Энэхүү замыг засснаар Цэцэрлэгмандал (Одоогын Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл болон Говь-Алтай, Завхан, Булган, Төв,Өмнөговь аймгийн зарим сум хамаардаг) аймгийн анхдугаар чуулган хуралдсан Мандал толгой, Цэцэрлэгийн голын эр дэнж түүнчлэн Төрийн тахилгат уул- Суварга хайрханы барааг 60-аад километр ойроос харж сүсэглэх улмаар тэндээс мориор аялах нөхцөл бүрдэж байгаа юм гэж нутгийн уугуул, “Хангай”- баазын захирал Б.Лхавгасамбуу бидэнд танилцууллаа.

Монгол орны говиос хангай, зүүнээс баруун тийш зорчих жуулчдын заавал очиж саатдаг газар бол аргагүй Цэнхэрийн халуун усны рашаан юм. Эрчим хүчний төв шугамтай холбогдсон, цэвэр монгол ахуйтай энэ нутгийн халуун рашааны түвшин энэ жил эрс доошилсон учир аймгийн Засаг даргын захирамжаар энэ хавьд нэмж жуулчны бааз байгуулахыг зогсоосон юм. 

 Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ