АНУ-д өсвөр насныхан галт зэвсэг хэрэглэсний улмаас 5 хүүхэд шархаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-14 13:05:44

ВАШИНГТОН. /Sputnik/. Америкийн Нью-Йорк хотын Брүүклин дүүрэгт нэгэн хүүхдийн үүргэвч алга болсноос үүдэн хэрүүл дэгдэж, улмаар буу зэвсэг хэрэглэхдээ тулжээ. Үүний улмаас өсвөр насны таван хүүхэд шархадсан байна. 

“Pix11” телевизийн мэдээлснээр, энэ хэрэг даваа гарагт тоглоомын талбайд болжээ. Сагсан бөмбөг тоглож байсан өсвөр насны хүүхдүүдийн нэгнийх нь үнэтэй үүргэвч алга болсон байна. Үүргэвчийг авснаа хэн нь ч хүлээн зөвшөөрөхгүй байсан учир үүргэвчний эзэн нь цэцэрлэгт хүрээлэн рүү явж, найзуудыгаа дагуулан буцаж ирсэн байна. Түүний найзуудынх нь нэг буутай байсан бөгөөд гэнэт гал нээжээ. Үүний улмаас 15-17 настай таван хүүхэд шархадсан байна. Гэхдээ амь насанд нь аюул учруулахаар хүнд шархдаагүй аж. Шархадсан хүүхдүүдийг эмнэлэгт хүргэжээ.

АНУ-ын Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлт өөрчлөлтөд “америкчууд буу эзэмших эрхтэй” гэж заасан байдаг. Буутай холбоотойгоор үүссэн хүчирхийлэл болон бууны хэрэглээнд тавих хяналтыг чангатгах нь АНУ-д хамгийн их маргаан дагуулсан улс төрийн сэдэв болоод байгаа юм.

Өнгөрсөн ням гарагийн орой Омар Матин гэдэг афганистан гаралтай Америкийн иргэн Флорида муж улсын Орландо  хот дахь ижил хүйстнүүд цуглардаг "Pulse" шөнийн цэнгээний газар руу дайран орж, 49 хүнийг хөнөөн, 53 хүнийг шархдуулсан аймшигт хэрэг гарсантай холбоотойгоор АНУ-ын буу зэвсэг эзэмших эрхтэй холбоотой хууль тогтоомжийн асуудал ихээхэн анхаарал татах болсон юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ