Могод суманд аймгийн шуурхай штабын баг ажиллаж байна

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2021-03-22 15:18:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Могод суманд өнгөрсөн амралтын өдөр нийслэл хотоос халдвартай иргэн ирээд буцжээ.

Улаанбаатар хотоос Могод суманд зорчин ирсэн 3 иргэний нэг нь коронавирусний халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна. Тус иргэд 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 10.00 цагийн орчим Могод суманд ирсэн бөгөөд мөн өдрийн орой 22.00 цагт Улаанбаатар хот руу буцсан. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шуурхай штаб яаралтай горимоор хуралдаж, хариу арга хэмжээний 1 дүгээр багийг Могод суманд томилон ажиллуулж байна.

Тус хариу арга хэмжээний баг нийслэл Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн зорчсон маршрут, уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр зэрэг ойр харьцсан иргэдийн мэдээллийг тандан, сумаас орж, гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Иймд иргэд та бүхэн баталгаагүй албан бус мэдээлэлд автахгүй байж, мэргэжлийн байгууллага, баталгаат эх сурвалжийн мэдээллийг хүлээн авч заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, амны хаалтаа тогтмол зөв зүүж, олон хүн цугларсан газар очихгүй байх, хүн хоорондын зайг баримтлах, гэртээ зочин урихгүй байж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийхийг зөвлөж байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Холбоотой мэдээ