УБТЗ ажилчдаа "Спутник -V" вакцинаар дархлаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-18 17:53:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар төмөр зам" ХНН өөрсдийн хөрөнгөөр ОХУ-аас Спутник-V вакциныг худалдан авч, нийт төмөр замчид болон тэтгэвэрт гарсан ахмадуудаа вакцинд хамруулах гэж байна.

Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхантай “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных өнгөрсөн сарын 25-нд уулзах үеэр илэрхийлсэн юм. Энэ ажлын бэлтгэл ажил, явцын талаар Төмөр замын төв эмнэлгийн Поликлиник эрхэлсэн орлогч дарга Ч.Хэрлэнчимэгээс тодрууллаа.


-Төмөр замчдыг вакцинжуулах ажил ямар шатандаа явж байна вэ?

-УБТЗ ХНН нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт төмөр замчин, ахмад настан, оюутан сурагчдаа "COVID-19"-ийн эсрэг вакцинаар дархлаажуулах санаачилга гаргасан. Үүний дагуу манай улсын эмийн салбарын тэргүүлэгч компани болох "Монгол Эмимпекс концерн" ХХК-тай гэрээ байгуулж 4 дүгээр сарын 1-нээс эхний тунг авах гэж байна. Тодруулбал, ОХУ-ын Спутник-V вакцинаар дархлаажуулалт хийх бэлтгэл ажил хангагдаад байна.


-Вакцинжуулалтыг яаж зохион байгуулж, хэдий хугацаанд бүрэн хийж дуусгах вэ?

-Нийслэл дэх дархлаажуулалтын түр цэгүүдээр болон төмөр замдаа бол шугам замд тусгай тоноглосон "Хөдөлгөөнт оношилгооны төв"  вагон аялуулан явуулын цэгээр дархлаажуулах ажлыг зохион байгуулна. "Спутник-V" вакцинжуулалтын эхний тунг хийлгэсний дараа хоёр дахь удаагийн тунг 21 хоногийн зайтай хийлгэнэ. Дөрөвдүгээр сарын 1-нд хийлгэсэн бол мөн сарынхаа 21-нд дараагийн тунгаа хийх болохоор дархлаажуулалт нэлээд хугацаа шаардана. Төмөр замын хэмжээнд эхний тунгийн дархлаажуулах ажлыг тавдугаар сарын 1 гэхэд дуусгаад 2 дахь тунгийн дархлаажуулалтыг 6 дугаар сарын эхээр бүрэн дуусгахаар төлөвлөж байна.

-Манай улсад орж ирүүлсэн вакцинууд өөр өөрийн онцлогтой байх. Та бүхэн "Спутник-V" вакцины мэдээллийг урьдчилж авсан байх. Ямар давуу тал, хэр үр дүнтэй вакцин  вэ?

-Коронавирусний эсрэг ОХУ-ын Спутник-V вакцин нь Монгол Улсын ЭМЯ-нд бүртгэгдсэн, Хүний эмийн зөвлөлөөр орж зөвшөөрсөн вакцины нэг. Энэхүү вакцины гол давуу талууд нь:

  • Үр дүн нь 91.6 хувьтай байгаа талаарх мэдээлэл дэлхийн хамгийн нэр хүндтэй анагаах ухааны “Lancet” сэтгүүлд нийтэлсэн. 90 хувиас дээш үр дүн үзүүлж байгаа дэлхийн 3 вакцины нэг юм. Тус вакцин “COVID-19-ийн халдварын хүндрэлээс бүрэн хамгаалдаг.
  • Тус вакцин ханиадыг үүсгэдэг, олон мянган жилийн өмнөөс бий болсон хүний аденовирусний векторуудын батлагдсан, судлагдсан платформ дээр суурилдаг.
  • Спутник-V вакцинжуулалтын явцад 2 удаагийн тунгаар тус тус хоёр өөр вектор ашигладаг бөгөөд хоёр тунд ижил хүргэх механизмыг ашигласнаар бусад вакцинаас харьцангуй урт хугацаанд дархлааг тогтоодог.
  • Аденовирусний эсрэг вакцины аюулгүй байдал, үр нөлөө, урт хугацаанд сөрөг нөлөө бага байдаг нь 20 жилийн хугацаанд 250 гаруй клиник судалгаагаар нотлогдсон.
  • Тус вакциныг бүтээгчид нь AstraZeneca вакцины үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хамтарсан клиник туршилтыг  хийж байна.
  • Спутник-V вакцинаас шалтгаалсан хүчтэй харшил өгөхгүй зэрэг онцлог, үр дүнтэй.

-Төмөр замчдаас гадна ахмадуудыг бас вакцинжуулна гэсэн. Ер нь, хэдий хэмжээний тун орж ирэхээр гэрээ хийсэн бэ?

-Энэ оны эхний улирлын байдлаар хүн амын тоон судалгааг гаргасан. Нийт 28.000 хүн тун орж ирэхээр гэрээ хийсэн. Төвийн хэсэгт 14.732 хүн, хойд шугам замд 6524 хүн, урд шугам замд 6387 хүн байна. 8183 ахмадыг дархлаажуулна. Мөн Төмөр замын дээд сургууль болон политехникийн коллежийн оюутнуудыг хамруулна.

Сэтгүүлч Б.Дэлгэрхишиг

Холбоотой мэдээ