ТӨК-ын удирдлага компанийн засаглалын хэлбэрт шилжих боломж бүрдэнэ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-03-17 07:23:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Компанийн тухай хуулийн дагуу татан буулгах, нэгтгэх ажлыг хийнэ” гэж сангийн сайд Б. Жавхлан мэдэгдсэн. Сангийн сайдын дэвшүүлсэн санаа мэдээжийн хэрэг хувийн компаниудын талаар яриагүй нь ойлгомжтой.  Ийм болохоор төрийн өмчит компаниуд (ТӨК)-ын талаар Засгийн газар Сангийн яамны барьж байгаа бодлого энэ байж таарна. “Эзэн нь юмаа мэддэг эрэг нь усаа хашдаг” гэдэг үүднээс авч үзвэл ТӨК-ын талаар сүүлийн жилүүдэд төрөөс ийм тодорхой бодлого бариагүй гэж хэлж болно. Харин эсрэгээрээ ийм төрлийн компаниуд (Эрдэнэт) зарим нэг нь улстөрчдийн саалийн үнэ болж байсан явдал бий. Түүнд цэг хатгахын тулд дээрх бодлого гарч ирсэн болов уу? Бодлого тодорхой болгох, хэм хэмжээ нь алдагдсан ТӨК-ын талаар ярьж эхэлнэ гэдэг сайн хэрэг. Заавал хийх ёстой ажлыг ярьж эхлэх нь тухайн ажлын 50 хувийг хийсэнтэй тэнцэнэ гэж хэлдэг. Энэ байр суурин дээрээс харвал Сангийн сайдын төрийн тодотголтой компаниудын талаар гаргаж ирсэн бодлого, хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ яах аргагүй шинэ зүйл гэж зах зээлийн  шинжээчид хүлээн зөвшөөрч байна. Тэгвэл бодлого үйл ажиллагаа нь өөрчлөгдөх ёстой гэж Засгийн газрын үзсэн ТӨК-ын талаар тодорхой тоо баримтыг авч үзье.


Төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 232, нийт 339 компани улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж. Энэ бол  бодлогын хүрээнд үйл ажиллагаа нь хөндөгдөх компаниудын тоон үзүүлэлт. Гэхдээ бодлогын хүрээнд ТӨК-ыг  гурав хуваан авч үзжээ.


Бүтцийн өөрчлөлтөд зайлшгүй орох компаниудад олон жил үр ашиггүй, алдагдалтай явж ирсэн, үүргийг нь хувийн хэвшил гүйцэтгэж болохуйц төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг Компанийн тухай хуулийн дагуу татан буулгах, нэгтгэх ажлыг хийх юм байна. Үйл явдал эхлэх, үргэлжлэх явцад эдгээр компаниудыг алдагдалд оруулж, дампууруулахгүй байх үүрэг даалгавар ТӨБЗГ болон салбарын яамдад өгчээ. Тус компаниудад эрчимтэй өөрчлөлт хийхгүй бол эдийн засгийн хувьд хүндэрчээ. Тухайлбал, ТӨК-ын нийт өр, төлбөр  2019 оны байдлаар 37 их наяд төгрөгт хүрсэн байна. Тэдний алдагдлыг багасгах эхний алхам нь үйл ажиллагааных нь давхардлыг арилгаж нэгтгэх гэж үзжээ.


Харин эдийн засгийн үр өгөөжтэй компаниудын хувь эзэмшлийг биржээр дамжуулан олон нийтийн хяналтад оруулж, зөв засаглал руу шилжүүлнэ. Ингэхдээ, ажлын чиглэл, үр өгөөжийг харгалзан төрийн өмчит оролцоотой хуулийн этгээдийн 34 хувь хүртэлх хувьцааг хөрөнгийн биржид нээлттэй хэлбэрээр арилжина. Ингэснээр, олон нийтийн хяналтад орж үр өгөөж нь дээшилнэ. Улмаар жижиг хувьцаа эзэмшигчид компанийн засаглалд оролцоно. Тэдний оролцоотой ил тод байдал, хяналт бий болж, ашигтай ажиллагаа дээшлэх боломжтой гэж үзсэн байх юм. Энэ ангилалд багтах компаниудын хувьцааг нь Хөрөнгийн бирж дээр гаргаж олон нийтэд худалдахаар болжээ.


Эрдэнэс таван толгой, Эрдэнэс монгол гэх мэт уул уурхайн компаниуд цахилгаан станцууд болон дулаан, цахилгаан түгээх, дамжуулах үүрэгтэй үнийг хатуу барихад оролцдог дэд бүтцийн компаниудыг төр эзэмшилдээ 100 хувь авч үлдэх болжээ. Эрдэнэт үйлдвэр 1.1 их наяд, Эрдэнэс таван толгой 440 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байх юм. Энэ мэт стратегийн ач холбогдол бүхий ТӨК-ын  өмчлөлийг нь 100 хувь өөрчлөхгүй  үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ.  Гэхдээ олон нийтэд зарлана. Ингэснээр  эдгээр компаниудын  худалдан авалт, гэрээ хэлцэл ил тод болно гэж үзсэн бололтой. ТУЗ-д байгаа гишүүд сонгууль, улс төрийн нэг талыг барьдаг гэж үзжээ. Ийм учраас ТӨК-ын засаглалыг өөрчлөх нь тодорхой болов бололтой. Гүйцэтгэх удирдлага ч энэхүү өөрчлөлтийн гадна үлдэхгүй болов уу. Тэгээд ч санхүү, хөрөнгө оруулалтын сахилга бат, нийгмийн чиглэлийн ач холбогдлоор нь тэднийг эрэмбэлж 1-2 жилийн  хугацаанд хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Эдгээрээс гадна ТӨК-ыг 100 хувь "Шилэн данс"-тай болгох аж. Эдгээр үйл ажиллагааг нэн тэргүүнд хийхээр болсон гэж Сангийн сайд Б. Жавхлан хэлжээ. Засгийн газар ийм арга хэмжээг хэрэгжүүлснээр ТӨК-ын удирдлага улс төрөөс хэт хамааралтай өнөөдрийн байдлыг таслан зогсоох боломж бүрдэх магадлал өндөр болно.


Үнэхээр ийм эрчимтэй өөрчлөлт хийснээс нэр бүхий компаниудыг ТУЗ-өөр нь дамжин хяналтдаа байлгах гэсэн улстөрчдөөс ангижирч жинхэнэ ТӨК удирдлагын хувьд компанийн засаглалын хэлбэрт шилжих боломж бүрдэх сайн талтай юм.

 

Холбоотой мэдээ