Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 127 хүн коронавирусээр халдварлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 127 хүнээс коронавирус илэрлээ.
ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад 11 183 хүнд шинжилгээ хийжээ.
Шинээр бүртгэгдсэн
халдварын тохиолдлын 126 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Ингэснээр
Улаанбаатар хотын нийт өвчлөл 3 329 болж байна. Харин гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол
байхгүй аж. Архангай аймагт Улаанбаатар хотоос очсон иргэний шинжилгээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар батлагдаж аймаг орон нутгийн өвчлөл 349 болжээ.
Шинээр халдвар авсан хүмүүсийн 123 нь ойрын хавьтал бөгөөд 116-д нь эхний шинжилгээгээр, долоон хүнд хоёр дахь шинжилгээгээр халдвар илэрчээ. Дөрвөн хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлох хавьтал судлалын ажлыг хийж байна. Эдгээр хүмүүс БЗД-ийн 26, 27 дугаар хороо, БГД-ийн 11 дүгээр хороонд амьдардаг аж.
Манай улсад өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын нийт 4 210 тохиолдол бүртгэгдсэнээс 3 083 нь эдгэрээд байна.
Халдварын
тохиолдол буурахгүй байгаа энэ үед хувь хүн нийгмийн харилцаагаа аль
болох багасгах, өөрийгөө халдвараас хамгаалах, бусдад халдвар тараахгүй дэглэм баримтлах, амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих, агаар сэлгэлт тогтмол хийхийг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.