Төрийн албаны шалгалтад 83 иргэн тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймагт Төрийн албаны ерөнхий шалгалтыг 3 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулж, 279 иргэн оролцов.
Тэдгээрээс 83 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд 3 жилийн хугацаатай бүртгэгдэн, төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт өгөх эрхтэй болж байгаа юм.
Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг зохион байгууллаа. Энэ удаагийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг, нийслэлийн шалгалтын үйл ажиллагааг цахимаар хянан, оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулж, бичиг баримттай нь тулгаж шалгалтад оруулснаараа онцлог байв.