“Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК 885,9 сая төгрөгийн хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК нь "Шөнийн тарифын хөнгөлөлт"-өөс 885,9 сая гаруй төгрөгийн хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлжээ.
Тодруулбал, системийн хэмжээнд 2017-2020 онд тарифт тоолууртай айл өрхийн халаалтын улирлын орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд нийт 7472 айл өрх хамрагдсан байна. Дээрх өрхүүдэд 954989,57 кВ,ц цахилгаан эрчим хүчний үнэд 885,9 сая гаруй төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.
Шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.1, 2.2, 2.3 дахь хэсэг, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Журамд өөрчлөлт оруулалх тухай” 115 дугаар тогтоолыг мөрдлөг болгон ажилласан байна.
Дээрх тогтоолын гол зорилго нь “Агаарын бохирдлыг бууруулах”-аар нийслэл болон аймгийн төв, 10000-аас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын цахилгаан халаагуурт зориулан хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 100 хувь хөнгөлөх юм.
Хөнгөлөлт эдлэх хугацаа болон хэрэглээний хязгаар:
2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хоногийн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч сарын 700 кВт.цаг хүртэл, 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч сарын 1500 кВт.цаг хүртэл тус тус 100 хувь хөнгөлөлт эдэлнэ. Харин дээрх хязгаараас давсан хэрэглээнд 50 хувиар хөнгөлөлт үзүүлнэ.