Төрийн албаны шалгалтад иргэд хурууны хээгээр бүртгүүлэн орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-12 14:20:38

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 453 иргэн орж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойших гурав дахь удаагийн төрийн албаны ерөнхий шалгалт өнөө өглөө 08.00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтад улсын хэмжээнд 13 мянга гаруй иргэн бүртгүүлсэн байна Харин Завхан аймагт 453 иргэн бүртгүүлжээ.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс нээлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж, шалгалтад оролцогчдод холбогдох хууль дүрэм, заавар, анхаарах асуудал зэрэг шаардлагатай мэдээллийг өгсөн байгаа. Энэ удаагийн шалгалтын онцлог нь 453 иргэний хурууны хээ бүхий тоног төхөөрөмжийг Төрийн албаны зөвлөлөөс Тагнуулын хэлтсээр дамжуулан Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлснээр шалгалтад орох иргэдийг хурууны хээгээр бүртгэлээ.

Аймгийн Тагнуулын хэлтсээс 2021 оны гуравдугаар сарын 11-ний орой 23.00 цагт шалгалт авах хоёр танхим болон серверийн өрөөг шалгаж лацадсан бол өнөө өглөө 6.30 цагт лацыг онгойлгон танхимуудыг нээж шалгалт албан ёсоор эхэллээ. Ингээд нэгдүгээр танхимд 40 компьютер, хоёрдугаар танхимд 20 компьютер бэлтгэж, нэг ээлжинд 47 иргэн шалгалт өгч байна.

Завхан аймагт төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах комиссыг байгуулж, бэлтгэл ажлыг бүрэн хангаснаар ийнхүү шалгалтын үйл ажиллагаа хэвийн явж байна. Шалгалтын үйл явцыг иргэд хянах, ажиглах боломжийг бүрдүүлж аймгийн ЗДТГ-ын нэгдүгээр давхарт дэлгэц байршуулсан байгаа. Тиймээс иргэд шалгалтад оролцож буй иргэдийг нээлттэй харж болох юм.

Мөн шалгалтын агуулгад ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд иргэд гурван төрлийн шалгалтыг 1 цаг 50 минутын хугацаанд гүйцэтгэнэ. Иргэд цагаа маш сайн баримталж, шалгалт эхлэхээс 45 минутын өмнө ирсэн байх ёстойг онцгойлон анхааруулж байна” гэж Завханы ЗДТГ, төрийн албаны салбар зөвлөлөөс мэдээлэв.  


Холбоотой мэдээ