Ж.Гүррагчаа: Бид хоёр хөрштэйгөө сансар судлалаар хамтран ажиллах өргөн боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад сансар судлал сансраас авсан мэдээллийг боловсруулж ашиглах, техник технологийг хөгжүүлэх гэсэн хоёр чиглэлээр хөгжиж байна. Энэ талаар ШУА-д өнөөдөр болсон "Сансар судлал ба сансрын технологи" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар хөндлөө.
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулсан уг бага хуралд доктор Ц.Адъяасүрэнгийн тавьсан "Сансрын тандан судлал ба байгаль орчин", академич Д.Амарсайханы "Монгол Улсын шинжлэх ухаан дахь сансрын тандан судлалын хөгжил", доктор Ж.Ган-Очирын "Монголын нутаг дэвсгэрийн геологи, геодинамик хөгжлийн сансрын цогц судалгааны шинэлэг үр дүн", Ц.Гантөгсийн тавьсан "Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр" зэрэг илтгэл хэлэлцүүлсэн юм.
Хуралд оролцсон хүндэт зочин, БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа хэлэхдээ, "Сансрын хамтарсан нислэг болоод 40 жил, бараг хагас зуун болж байна. Энэ бол нэг хүний хувьд их хугацаа, харин улс орны хувьд, шинжлэх ухааны хувьд бол богино мэт хугацаа байж болох юм. Тиймээс манай улс сансар судлалыг хөгжүүлэх шаардлага бий, ирээдүй байна" гэдгийг онцлов.
Тэрээр, "40 жилийн дараа эргээд харахад бидний хийж байсан судалгааны ажил, зорьж тавьж байсан зорилтууд өнөөдөр ч гэсэн үнэ цэнтэй хэвээр байна. Сансрын нислэг, сансрын орон зай, сансар судлал бол хамтарч хийж бүтээдэг талбар байдаг юм" гэж тэмдэглээд "Сансрын орон зай өөрөө газар дэлхий дээр байгаа улс орнуудыг хамтатгах, нийлүүлэх, нэгдэх, нэг зүг харах, нэг санаа бодолтой болоход тусалдаг. Бид сансар судлалын салбарт хөрш хоёр оронтой хамтран ажиллах өргөн боломж байна" хэмээн тодотгосон юм.
Өнөөдрийн хуралд БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков ОХУ-ын нийслэл Москва хотоос цахимаар оролцсон юм. Тэрээр Орос-Монголын сансрын хамтарсан 8 хоногийн сансрын нислэгээ дурсаж, Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн юм. "Бид монгол хүн анх сансрын уудамд дүүлэн гарсан тэр нислэгээр ашигт малтмал, амьтан судлалын гээд газарзүйн төлөвлөгөөт олон зургийг авч байсан. Сансрын нисэгч, бидний их анд М.Ганзориг маань бидний авсан зургуудаар сэдэвчилсэн карт бүхий судалгааны ажил хийж, түүний удирдаж буй Монгол Улсын ШУА-ийн Информатикийн хүрээлэнд боловсруулан судалж байна.
Сансрын уудмаас тандан судалсан бидний ажил хожмын сансар судлал болон олон улс орны, олон салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан. Сансрын мандлаас авч байсан зургууд маань газрын мэдээлэлд маш хэрэг болж байв. Тухайлбал, бид загасны нүүдэл, орон зайн зургийг авч байсан нь дэлхийн олон улс орны загас агнуурын аж ахуй хөгжихөд их хэрэг болж байсан. Ж.Гүррагчаа бид хоёр Алтантын далай, Латин Америк, Арабын хойг гээд олон тив газар, Канад, АНУ, Куба, Мексик гээд олон орны газар нутгийн зургийг авч байсан. Монгол орны дээгүүр нисэж байхад цаг агаар тогтуун, үүлгүй цэлмэг, тод харагдаж байсан. Ж.Гүррагчаа маань эх орон, нутгийнхаа дээгүүр нисэж байхдаа сэтгэл нь их догдолж байсан" хэмээн дурсан өгүүлсэн юм.
Гэрэл зургуудыг Т.Чимгээ